“Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025” форумын үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Засвар, механикийн заводыг түшиглэн “Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр” төсөл хэрэгжсэнээр ямар давуу талууд бий болох вэ?
-Монгол Улсад төмөрлөг, машин механизмын үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр 2023 онд Зам, тээврийн яам, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд манай улсад машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нэгтгэн, хоорондоо мэдээллээ солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна. Эхний ажил өнгөрсөн онд дууссан. Энэ нь автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа. Уг шинэ ТЭЗҮ-ийг Эрдэнэт үйлдвэр болон манай яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл авч хэлэлцсэн. Төмөрлөг, машин механизмын үйлдвэрлэл Монгол Улсад хөгжих бүрэн боломжтой. Энэ үйлдвэр хөгжсөнөөр манай улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна. Өнөөдрийн байдлаар импортоор ирж буй бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 40 орчим хувь нь төмөрлөг, машин механизмтай холбоотой статистик гарсан. Тухайлбал, машин механизм, төмөрлөг бүтээгдэхүүн, төмөр хийцтэй эд анги гэх мэт. Тэгэхээр үүний тодорхой хэсгийг Монголд үйлдвэрлэх боломжтой гэж үзсэн. Нөгөө талаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гангийн болон Зэс хайлуулах үйлдвэр байгуулах төсөл явж байна. Эдгээр үйлдвэр байгуулагдвал цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргах боломжтой. Монгол Улсын хэмжээнд төмөрлөг, машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 230 орчим байгууллага байна. Энэ байгууллагуудын төлөөллийг урьж уулзсан.
-Машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан талаар та дээр дурдлаа. Хөрөнгө оруулалтыг хэрхэн босгох вэ?
-Машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-тэй хараахан дэлгэрэнгүй танилцаагүй байна. Эрдэнэт үйлдвэртэй хамтраад Монголд Машин угсрах үйлдвэр байгуулах уу гэдэг саналыг 10-аад компаниас авна. Тэгэхээр Хятад, Япон, Солонгос, Германы үйлдвэрүүдтэй манай залуус танилцсан. Эдгээр үйлдвэрээс Монголд угсрах үйлдвэрийг байгуулж хамтран ажиллах санал тавьсан байгаа. Мэдээж, манай улс жижиг зах зээлтэй. Тэгэхээр Монголд үйлдвэрлээд ОХУ, европ руу гаргах боломжтой. Мөн Хятадын зах зээлд гаргах боломжтой гэж гаднын 10 үйлдвэрлэгч үзсэн. Энд МИАТ, Улаанбаатар төмөр зам, Болдтөмөр Ерөө голынхон ирсэн байна. Энэ байгууллагууд дор бүрнээ төмөрлөг, машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эд нар бусдад хэрэгтэй машин механизмын эд ангийг үйлдвэрлэх боломжтой. Тэгэхээр зөвхөн Эрдэнэтийн санхүү, хөрөнгө оруулалтаар энэ үйлдвэрийг барих асуудал биш. Гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар уг үйлдвэрийг барих боломж бий.
-Форумын үеэр үзэсгэлэн гарлаа. Үзэсгэлэнгийн онцлогийн талаар ярихгүй юу?
-Монголд 20 жил Япон машины жижиг эд анги үйлдвэрлэсэн, 24 цаг ажилладаг газар байна. Тус үйлдвэрт дан залуучууд ажилладаг. Тэд 100 хувь Япон руу бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ удаагийн форумд үйлдвэрлэгчээс гадна шинийг санаачлагч залуус оролцож байгаа нь онцлог. Эдгээр залуус хонины ноосоор машины агаар шүүгч хийсэн байна. Мөн Монгол залуусын зохион бүтээж угсарсан "Моза" гэдэг машин энэ үзэсгэлэнд танилцуулагдлаа. Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс оролцож байна. Тэд Монголын ноосоор хийсэн даавуугаар яагаад машины суудлын бүрээс хийж болдоггүй юм бэ гэсэн асуудал тавьсан. Мөн эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллагууд, оюутан залуус үзэсгэлэнд оролцлоо.
-Баярлалаа.