“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны “Шилдэг шинийг санаачлагч” ажилтнаар тодорсон Ил уурхайн Зам овоолгын хэсгийн дарга Намсрайн Мөнхбаярыг ээлжит дугаарын шилдгүүдийн буланд зочноор урилаа. Уурхайн ажлын хатуу хөтүү дунд уурхайчин нөхдийнхөө жаргал, зовлонтой хамт явдаг түүнтэй ярилцаж суухад, “уулын гүнд, машин техниктэй ажилладаг хүмүүс ихэвчлэн үг дуу цөөнтэй, даруухан яриа хөөрөөтэй байдаг” гэх бодол дахин санаанд орох...
-Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны “Шилдэг шинийг санаачлагч” ажилтнаар шалгарсанд баяр хүргэе. Энэ шагналын эзэн болоход нөлөөлсөн ажлын амжилт, хийж хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээс тодруулж ярина уу?
-“Шилдэг шинийг санаачлагч” ажилтны шагналд хамт олны маань ажлын үр дүн чухал нөлөө үзүүлсэн гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Миний хариуцаж ажилладаг Зам овоолгын хэсэг нь уурхайн хүнд даацын машин техникийн зам талбайг засаж бэлтгэх үндсэн үүрэгтэй. Мөн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг давхар хариуцаж ажилладаг. Бид уурхайн зам талбайг засаж, бэлтгэх, хүнд даацын машин уулын цул тээвэрлэх замыг засахад голлон ашиглагддаг автогрейдерийн хүрэлцээг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг уртасгахад онцгой анхаарсан. Өөрөөр хэлбэл, автогрейдерүүдийг сэргээн засварлаж, бэлэн байдлыг хангах чиглэлээр хамт олноороо зорилго тавьж ажиллалаа. 2023 онд манай хэсэгт сэлбэг хэрэгсэл, эд ангийн нийлүүлэлт саатсанаас, хоёр автогрейдер сул зогссон шалтгаанаар үлдсэн хоёр автогрейдерээр уулын замын ажлаа үргэлжлүүлж байсан. Тиймээс тэдгээрийг засаж сэлбэж, ажилд оруулах, ер нь нийт таван автогрейдер зэрэг ажиллаж байж, технологийн тээврийн зам засах, бэлтгэх ажил хэвийн болно гэдэг тооцоолол гаргаж, судалсан. Ингээд Авто тээврийн цехэд 16 жил ашигласан, эвдрэлийн улмаас зогссон байсан автогрейдерийг шилжүүлэн авч, дотоод нөөц бололцоогоороо засаж сэлбэн, ажилд гаргах төсөл боловсруулан, хэрэгжүүллээ. Уг “Комацу GD825А” автогрейдер нь голдуу “Сэлэнгэ” амралтын баазын зам засвар, Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн далангийн элс зэрэг хөнгөн нөхцөлд ажиллаж байсан тул үндсэн рам, эд анги элэгдэл багатай байсан нь сэргээн засварлахад дөхөмтэй байсан. Үүнд манай хэсгийнхний “Комацу GD825А” загварын автогрейдер дээр ажилласан туршлага, сэлбэг материалын хуучин, шинэ нөөцөө ашиглаад, засаж сэлбээд ажилд оруулсан юм. Ингэснээр шинэ автогрейдер худалдаж авах гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал хэмнэсэн. Нөгөө талаар, бусад дөрвөн автогрейдерийн ашиглалтын элэгдлийг 20 хувиар бууруулж, уурхайн зам талбайг засаж сайжруулах, бэлэн байдлыг хангаж ажиллах боломж бүрдсэн. Энэ санал санаачилга, төслийн ажлын үр дүнг үнэлж, 2024 оны “Шилдэг шинийг санаачлагч” ажилтнаар шалгаруулж, урамшуулсанд баяртай байна.
-Уурхайн технологийн тээврийн замын засвар үйлчилгээг хэчнээн хүний хүчээр амжуулдаг вэ? Мэдээж, техникийн хүчин чадал чухал үүрэг гүйцэтгэдэг?
-Манай хэсэгт мастер, механик, инженер техникийн ажилтан, машинист, засварчид гээд 99-үүлээ ажиллаж байна. Бидний ажлын нэг онцлог нь зам талбайн засварын үндсэн ажлаас гадна ашиглаж буй техникийн засвар үйлчилгээг өөрсдөө давхар хариуцдаг. Бусад хэсэгт ашиглалт, засвар гээд тусдаа байдаг бол бид өөрсдөө техникээ ашиглаад, засвараа хэсэг дотроо хамт хийж байгаа. Техникийн хүчин чадлын хувьд, том жижиг нийлсэн 26 авто техник бий. Одоо уулын цул тээвэрлэлтийн зам талбайн ажилд зургаан автогрейдер ажиллаж байгаа учраас уурхайн зам засах техникийн бэлэн байдал 100 хувь хангагдсан гэж хэлж болно. Улирлын чанартай нэмэгдэл ажлууд хавар эхэлдэг. Үүнд бид бэлтгэл хангаад ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай хэсэгт техник ашиглалтын коэффициент өссөн. Тухайлбал, өмнө нь 70 хувьд хүрдэггүй байсан бол тухайн нэг техникийн ашиглалт 85-90 хувь хүрсэн байгаа нь бидний засвар үйлчилгээ, сэргээн засварлах ажлын үр өгөөж гэж бодож байна.
-Шинэ оны зорилт, төлөвлөгөөгөө хэрхэн тодорхойлж байна вэ?
-Өнгөрсөн онд манай хэсгийнхэн хоёр техник дээр их засвар хийхээр төлөвлөж, сэлбэг материалаа захиалаад хүлээж байгаа. Энэ хугацаанд өөрсдийн нөөц бололцоог ашиглаад, нэг техникээ засаж сэлбэн, захиалсан эд анги иртэл ажилд гаргаж байна. 2025 онд уурхайн хүдэр олборлолтын хэмжээ, боловсруулалтын төлөвлөгөө нэмэгдэж батлагдсантай холбоотойгоор үүнийг дагаад манай ажлын ачаалал бас нэмэгдэж байгаа. Уулын цул олборлолт нэмэгдэхийн хэрээр зам засах, бэлтгэх талбайн хэмжээ, давтамж нэмэгддэг тул их ажлын жил болно. Тиймээс техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, чанартай, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бэлтгэн ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн нэгэн үе гавьяаны амралтдаа гарч байгаагаас шалтгаалаад шинэ залуу ажилтнаа богино хугацаанд дадлагажуулж, туршлага суулгах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Энэ асуудал танай хэсэгт ямар түвшинд байна вэ?
-Уурхай ашиглалтад ороход л ажилд орж байсан анхдагчдын маань сүүлчийнх нь гавьяаны амралтдаа гарсан. Тэдний оронд хүүхдүүд нь, түүнчлэн, сонгон шалгаруулалтаар олон залуу ажилд орсон. Манай хэсгийн 70 хувь нь шинэ үеийн залуусаар солигдоод байгаа. Тэдэнд онолын мэдлэгээс гадна ажил дээр нь дадлагажуулахын тулд туршлагатай, ахмад ажилтнуудаа дагалдуулах, ур чадвар, техник ашиглалтын арга барилаас нь эзэмшүүлэх гээд олон талаас нь анхаарч, шинэ ажилтнуудаа бэлтгэж байна. Манай залуучууд техник технологи эзэмших, өөрийн болгох, сурч дадлагажихад өөрсдөө санаачилгатай, хичээж байгаа ч ахмад үеийнхний мэдлэг ур чадвар, арвин туршлага, зөвлөгөө заавар юу юунаас үнэтэй.
-Ажил албаны яриагаа өндөрлөж, уурхайчных нь хувиар ярилцъя гэж бодлоо. Зууны манлай үйлдвэрийн нэг эд эс болж ажиллах замнал хэдийнээс эхэлсэн бэ?
-Би 2002 онд Дархан-Уул аймаг дахь ШУТИС-ийн харьяа салбар сургуулийг Уулын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд уулын мастераар хоёр жил, Заамарын алтны уурхайд жил орчим ажилласан. Ийм ажлын туршлагатай инженер 2005 онд Эрдэнэт үйлдвэрт ирж байлаа. Одоогоос 20 жилийн өмнө. Сонгон шалгаруулалтаар тоног төхөөрөмжийн засварчны ажилд эхлээд орж, зургаан сарын дараа мастераар дэвшиж ажилласан. Энэ хугацаанд үйлдвэрийнхээ хүний нөөцөө бэлтгэж, сургах төлөвлөгөөний дагуу ОХУ-ын Эрхүү хотын Техникийн Их сургуульд суралцаж, магистрын зэрэгтэй төгсөж ирээд, 2015 оноос Зам овоолгын хэсгийн даргаар ажиллаж байна даа.
-Ер нь Эрдэнэтийг зорих шалтгаан юу байв?
-Манай гэр бүлийн хүн Булган аймгийн уугуул. Миний хувьд Увс аймгийн Улаангом хотод төрж өссөн. Оюутан байхдаа гэр бүл болж, анхны хүүгээ өлгийдөж авсны дараа суурин хот газар, том уурхайд ажиллах хүсэл мөрөөдөл тээж Эрдэнэтдээ ирж байв. Нөгөө талаар, эхнэрийнхээ нутаг усыг түшиж амьдрахаар шийдсэн юм уу даа. Ингэж Эрдэнэтийн хүн болсон түүхтэй.
-Гэр бүлээ танилцуулна уу? Хүүхдүүддээ ямар мэргэжил эзэмшүүлэх бодолтой явна вэ?
-Миний эхнэр Ч.Мөнхзул гэж бүсгүй бий. Баяжуулагч инженер мэргэжилтэй. “Ачит-Ихт” компанид ажиллаж байгаад одоо хувиараа бизнес эрхэлдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Гурван охин, нэг хүүтэй. Хүүдээ инженерийн мэргэжлээ өвлүүлж, уул уурхайн салбарын хүн болгож бэлдэнэ гэж боддог. Охид маань өөр өөрийнхөө хүслээр ажил мэргэжлээ сонгох байх.
-Уурхайд ажиллах, уурхайчин байхын хамгийн сайхан нь таны бодлоор юу вэ? Ажил мэргэжлийн тань бахархал гэж хэлмээр юм уу?
-Тасралтгүй, үйлдвэрлэлийн байнгын ажиллагаатай уурхайн ажил бол маш хариуцлагатай алба. Энд ажиллаж буй хүн бүрийн оролцоо, чин сэтгэл, зүтгэл, хувь нэмрээс уурхайн ажил бүтдэг. Өвлийн хүйтэн, зуны халуун, үер ус, цас борооны улирлын алинд ч өдөр, шөнө ялгалгүй ажилладаг уурхайчны хөдөлмөр бол онцгой. Ээлжийн амралттай байсан ч утсаа салгах, унтраах эрхгүй, үргэлж бэлэн байдалд, өндөр сахилга хариуцлага хүлээдэг. Ийм өндөр үүрэг хариуцлагыг даагаад, эзэн болоод явах, нөгөө талаас их ажлын ард гараад, үр өгөөжийг нь мэдрэх үед сайхан сэтгэгдэл төрдөг. Ажил, амьдралын ямар ч хэмнэл дунд, өөрөөс шалтгаалах ажил үүрэгтээ хариуцлагатай ханддаг, хэлсэндээ хүрдэг, нэг үгээр хэлбэл “зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг маш сайн мэддэг ижил зорилго, хүсэл мөрөөдөлтэй уурхайчин хамт олон минь миний том бахархал юм даа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.