Шинэ оны эхний сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт сайн үзүүлэлттэй гарчээ. “Гараа сайн бол бариа сайн” гэдэгчлэн энэ эрчээ хадгалж ажиллах, үйлдвэрлэл, уулын ажлуудаа хэвийн үргэлжлүүлэн, бүтэн жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх том зорилт уурхайчдын өмнө тавигдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, дүгнэх тайлангийн хурал эхэлж буй цаг үед Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.
-Шинэ оны зорилтын тухай ярихын өмнө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны үндсэн үйлдвэрлэлийн талаар тодруулмаар байна. Уулын ажил, хүдэр олборлолт зэрэг уурхайн гол ажлууд өнгөрсөн жилд ямар явцтай, үр бүтээлтэй ажиллав?
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид өнгөрсөн онд нийт дүнгээр 31.3 сая.м3 уулын цул гаргаж, 15.459 сая.м3 хөрс хуулж, 41.038 сая.тн хүдэр олборлон, Баяжуулах үйлдвэрт 37.94 сая.тн сульфидын хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийн үзүүлэлтээр түүхэн дээд амжилт тогтоосон. Гэсэн хэдий ч бодит гүйцэтгэлээр үзэхэд, уулын цул 196.0 мян.м3, хөрс хуулалт 249.3 мян.м3-аар тус тус төлөвлөгөөнөөс дутуу биелсэн нь үндсэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт төлөвлөсөн хугацаанд хийгдээгүй, экскаватор, өөрөө буулгагчийн хүрэлцээ хангалтгүй байсантай холбоотой юм. Тиймээс бид уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор өөрөө буулгагч машинуудын цаг ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх техник зохион байгуулалтын бүхий л боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, өөрөө буулгагчийн жолооч нарын ээлжийг уурхайн бүсэд солилцуулж, төлөвлөгөөт болон том хэмжээний засварын ажлаас бусад засварын ажлыг тухайн ажил гүйцэтгэж байсан газарт нь зохион байгуулах зэргээр уулын цул тээвэрлэлтийн зайг боломжит хамгийн бага хэмжээнд төлөвлөн ажиллалаа. Ил уурхайн зүгээс долоо хоногт нэг удаа гүйцэтгэдэг төлөвлөгөөт тэсэлгээний ажилд оновчлол хийснээр тэсэлгээ хийх хугацааг үдийн цайны цагтай давхцуулж, ордыг төвийн болон баруун хойд хэсгээр салган, тусад нь долоо хоногт нэг нэг удаа буюу лхагва, баасан гаргуудад гүйцэтгэхээр зохион байгуулсан. Ингэснээр хөрс болон хүдэр тээвэрлэлтийн ажлын тэсэлгээний ажлаас хамаарсан тасалдлыг багасгаж, тэсэлгээний үеийн уулын цул олборлолтын хэмжээг 69 хүртэл хувиар өсгөж чадсан. Түүнээс гадна хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж, “Платинум ланд” ХХК, “Гоёот ухаа” ХХК зэрэг оператор компаниудыг гэрээгээр ажиллуулж хөрс тээвэрлэлтийн ажлын хоцрогдлыг нөхсөн явдал юм.
Энэ ажлын үр дүнд өнгөрсөн онд тус компаниуд нийтдээ 2581.31 мян.м3 уулын цулыг манай өөрийн өртөгт багтаан тээвэрлэсэн. “Платинум ланд” ХХК 581.31 мян.м3, “Гоёот ухаа” ХХК 2000 мян.м3 уулын цулыг тус тус тээвэрлэсэн байна. Харин 2024 оны сүүлийн улиралд Авто тээврийн цехэд Япон улсын “Komatsu” фирмийн HD1500 маркийн 10 өөрөө буулгагч, Ил уурхайд ХБНГУ-ын “Liebher” фирмийн R9350 маркийн хоёр экскаваторыг тус тус ашиглалтад оруулснаар олборлолт болон тээвэрлэлтэд гарч байсан хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдлээ. Цаашид парк шинэчлэлийн ажил үе шаттайгаар үргэлжилнэ.
-Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө өнгөрсөн онд давж биелсэн. Гэхдээ зарим сарын үзүүлэлтээр дутуу дүн гарч байлаа. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл, хүндрэл бэрхшээл юу байв?
Баяжуулах үйлдвэрт өнгөрсөн оны нийт дүнгээр 38.020 сая.тонн хүдэр боловсруулж, 127.517 тонн зэс агуулсан 568.239 тонн зэсийн баяжмал, 2.775 тонн молибден агуулсан 5.498 тонн молибдены баяжмал үйлдвэрлэсэн. Төлөвлөгөөнөөс илүү 20.0 мян.тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулгыг 0.382 хувьд, молибдены агуулгыг 0.014 хувьд барьж, зэсийн металл авалтыг 87.74 хувь, молибдены авалтыг 50.51 хувьд хүргэж ажилласнаар 6.180 тонн зэсийн баяжмал, 178.38 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэлээ.
Мөн 566.938 тонн зэсийн баяжмал, 5.603 тонн молибдены баяжмалыг экспортод ачиж, бэлэн бүтээгдэхүүний ачилтын төлөвлөгөөг зэсийн баяжмалаар 4.879 тонн, молибдены баяжмалаар 355.83 тонноор тус тус давуулан биелүүлсэн. Үүссэн хүндрэл гэвэл, нунтаглалтын процессын үндсэн материал болох 120, 125 мм-ийн голчтой ган бөөрөнцгийн нийлүүлэлт тасалдсанаас шалтгаалан МПСИ, ММС тээрмүүдийн нунтаглалтын горим доголдож, цагийн ачаалал буурснаар 7, 8-р сард нийтдээ 652 мян.тонн хүдэр дутуу боловсруулсан. Түүнчлэн, Баяжуулах үйлдвэрийн зэс-молибдены салгах баяжуулалтад хэрэглэдэг дарагч урвалж болох хүхэрт натрийн нөөц багассантай холбоотойгоор тусгай хэмнэлтийн горимд ажилласнаар молибдены баяжмал үйлдвэрлэлийн тоо хэмжээ тодорхой хугацаанд буурсан. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тасалдсан технологийн материалуудын зохистой нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийг шуурхайлахаас гадна, технологийн хүндрэлтэй байдлаас гарах бүхий л арга хэмжээг амжилттай авч ажиллалаа. Гэхдээ ханган нийлүүлэлтийн, тэр дундаа технологийн үндсэн материалын тасалдал үүсгэсэн энэ алдааг дахин давтахгүй байх тал дээр бид онцгой анхаарах ёстой гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна.
Ингээд хүдэр боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний хоцрогдлыг нөхөж биелүүлэх зорилгоор “Үйлдвэрлэлийн эрчимжүүлсэн төлөвлөгөө” боловсруулж, 9-р сараас мөрдөж ажилласны үр дүнд 2024 онд хүдэр боловсруулалт, баяжмал гаргалт болон бүтээгдэхүүний экспортын төлөвлөгөөг тус тус давуулан биелүүлж чадсан. Өнөөдөр ганц төлөвлөгөө гаргаад л хоцрогдлоо дор нь нөхчихсөн мэт амархан сонсогдож байгаа хэдий ч, 2024 оны 2-р хагас жилд үйлдвэрлэлийнхэн маань ихээхэн хүчин чармайлт, ур чадвар, ухаан гаргаж байж энэ хүндрэлийг даван туулсан юм шүү, Та бүхэндээ маш их баярлалаа.
Үйлдвэрлэлийн үндсэн зорилтуудыг амжилттай биелүүлэх, үйлдвэрлэлийн процессын тогтвортой ажиллагааг хангахад чиглэгдсэн үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн улирлын буюу өвөл, зуны бэлтгэл ажлын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж 99.1-98.7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлэн, бэлэн байдлыг бүрэн хангаад ажиллаж байна.
-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан томоохон төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэлийн өргөтгөл, техникийн шинэчлэлийн ажлууд ямар түвшинд хэрэгжиж байна вэ?
Үйлдвэрийн газрын хөгжлийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэлийн өргөтгөл, техникийн шинэчлэлийн ажлуудыг өнгөрсөн онд, үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааныхаа хажуугаар амжилттай хэрэгжүүллээ. Тухайлбал, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн шинэ 4 дүгээр шугамыг МШЦ 6.7х9.75 маркийн ган бөөрөнцөгт тээрмээр өргөтгөн, өнгөрсөн оны 8 дугаар сарын 18-нд ашиглалтад оруулж, үйлдвэрийн газрын хүдэр боловсруулах суурилагдсан жилийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэлээ. Мөн Ил уурхайд жилд 17 мянган тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 13-нд ашиглалтад оруулж, Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын төслийн ажлын талбайг бэлтгэх, технологийн тээврийн замыг шилжүүлэх ажлыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэлээ. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын 3 дугаар секцийн шинэчлэлийг хийж гүйцэтгэсэн. 6 сая тонн хүдрийг 48 хөвүүлэн баяжуулах машинаар баяжуулдаг байсан секцийг камерын эзлэхүүн том 11 машинаар баяжуулдаг болсноор цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон ашиглалтын зардал бууруулах боломж бүрдсэн. Хаягдлын аж ахуйн өвлийн хаялтын 5М даланг иж бүрнээр нь барьж 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Нийт 1652 м урттай 5 м өндөр даланг 275.7 мянган метр куб элс, 102.0 мянган метр куб уулын цул ашиглан, гурван улирал дамнан барьж байгуулснаар, Баяжуулах үйлдвэрийн технологийн найдвартай ажиллагаа 4-5 жилд бүрэн хангагдлаа.
-Оюутын ордын геологи хайгуул өнгөрсөн оны том ажлын нэг байсан. Энэ онд ч үргэлжлэх төлөвлөгөөтэй. Ер нь 2025 онд олон бүтээн байгуулалт хийгдэхээр байгаа. Бэлтгэл ажлууд хэр хангагдсан бэ?
Тиймээ. Эрдэс баялгийн нөөц өсгөх, үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны насжилтыг нэмэгдүүлэх зорилгоор геологи хайгуулын ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй явуулж байна. Оюутын ордод 2023-2025 онд гүйцэтгэх нарийвчилсан хайгуулын төслийг Ерөнхий инженерийн баталсны дагуу 2023 онд 16 мянга, 2024 онд 20 мянган тууш метр өрөмдлөгийн ажил, далд нэвтрэлт гэх зэргээр олон төрлийн геологи, геохими, геофизик, лабораторийн судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авч, тус технологийн инженер геологийн судалгаа, байгаль орчны үнэлгээ, нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Одоо төсөл хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж байна.
Булган, Орхон аймгийн ИТХ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын шинэ санг байгуулах зориулалтаар ашиглах 7048 га газрын асуудлыг хэлэлцэн баталж, улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар 3 дугаар сард шийдвэрлэсэн. Энэ төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах ажил ид хийгдэж байна.
Ил уурхайн Мөчлөгт урсгалт тээврийн технологийн төсөл, Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн илчийн боловсруулалтын төслийн өргөтгөл, Химийн төв лабораторийн шинэ барилгын ажил графикийн дагуу явагдаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд энэ онд үргэлжилнэ.
-Өнгөрсөн онд уулын ажилд нэлээд тооны хүнд даацын техникээр хүч нэмсэн. Техникийн парк шинэчлэлийн талаар тодруулахгүй юу?
Ил уурхайд “Liebherr” R9350Е маркийн хоёр экскаватор, СБШ-250 МНА32 маркийн нэг өрмийн машин, Авто тээврийн цехэд “Komatsu” HD-1500-8 маркийн 140 тонны даацтай өөрөө буулгагч 10 машиныг угсарч ашиглалтад орууллаа.
Харин Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт 20 жил ажилласан МШЦ тээрмийг “CITIC” маркийн тээрмээр шинэчлэн сольж, хүчин чадалд нь хүргэсэн. Шүүн хатаах хэсэгт Молибдены даралтат шүүлтүүрийг “FLSmidth” фирмийн бүтээмж өндөр, цахилгаан зарцуулалт багатай М900 загварын даралтат шүүлтүүрээр шинэчиллээ. Дулааны цахилгаан станцад зуух болон зуухны туслах тоноглолын автомат удирдлагын “DCS” системийг суурилуулж нэвтрүүлсэн. Үнс зайлуулах гидравлик системийн хуучин насосыг БНХАУ-ын “200ZJ-A70” маркийн насосоор, дулааны шугам сүлжээний насосуудыг “Grundfoss” фирмийн болон KG-125-100-200 маркийн эрчим хүчний бага хэрэглээтэй насосоор шинэчилсэн. Ус хангамжийн цехэд эргэлтийн усны 10 мян.м3 багтаамжтай 3 дугаар усан санг хүчитгэсэн төмөр-бетонон хийцтэйгээр барьж ашиглалтад оруулснаар Баяжуулах үйлдвэрийн эргэлтийн ус хангамжийн найдвартай байдлыг хангалаа. Өргөх станцын насосуудыг Японы “Ebara” фирмийн насосоор шинэчилж, цэвэр ус дамжуулах системийн насосын парк нэгэн төрөл маркийн нийт 15 ширхэг насосоор тоноглогдсон болно.
-Өмнөх жилд хийгдсэн өргөтгөл шинэчлэл, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудын үр дүнгээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн. Тиймээс ч 2025 оны үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг ахиулж, өөрөөр хэлбэл том зорилт дэвшүүлж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид энэ онд хүдэр олборлолт, боловсруулалтаа хэрхэн төлөвлөсөн бэ?
Эрдэнэт үйлдвэр 2025 онд түүхэндээ анх удаа 34.0 сая.м3 уулын цул гаргаж, 16.18 сая.м3 хөрс хуулж, 46.14 сая тонн хүдэр олборлож, 39.645 сая тонн хүдэр боловсруулах их шахуу төлөвлөгөөтэй ажиллана. Уурхайн ёроолын түвшин доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, Баяжуулах үйлдвэрт 0.364 хувийн зэсийн, 0.0141 хувийн молибдены дундаж агуулгатай хүдрийг боловсруулна. Зэсийн 86.86 хувийн, молибдены 48.0 хувийн металл авалттайгаар баяжуулж 22.30 хувийн зэсийн агуулгатай, 125.33 мянган тонн цэвэр зэс агуулсан 562.059 мянган тонн зэсийн баяжмал, 48.0 хувийн молибдены агуулгатай 2675.79 тонн цэвэр молибден агуулсан 5574.57 тонн молибдены баяжмал үйлдвэрлэнэ.
Ингэснээр, хүдрийн агуулга буурч, хатуулаг нэмэгдэж байгаа энэ үед үйлдвэрийн газрын хамт олон хүдэр боловсруулалтын хүчин чадлаа нэмэгдүүлэн, өмнөх оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүрсэн түвшингээ хадгалж чадна.
Өнгөрсөн онд хийгдсэн өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын бүхий л ажлууд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно. Баялаг түүхтэй “Баатар” үйлдвэрийн уурхайчин хамт олон үндсэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээс гадна үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, хэтийн хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг батлагдсан хуваарийн дагуу хийж, 2025 оны зорилго зорилтуудаа бүрэн биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.