Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байранд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийн хүрээнд шинээр байгуулах шаардлагатай Хүүхдийн өрөөг тохижуулж, ашиглалтад орууллаа. Ажилтнуудын хүүхэд багачуудад технологийн боловсрол олгох зорилгоор байгуулсан Хүүхдийн өрөөг Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдлагуудын "Ариадна" клуб санаачлан “Аргун Холдинг”компанитай хамтран тохижуулжээ.
Түүнчлэн, хүүхэд багачуудын үзэх дуртай үлгэрийн баатар, Сансар огторгуйгаар аялагч Пипс, Мөнх Тунхын найз Басарын хамт хүрэлцэн ирж тоглоомын өрөөг нээв. Уг тоглоомын өрөөнд хүүхдүүд амилдаг паззл, ханын зураг, үлгэрийн ном уншиж, зоо паркаар аялах аж. Тоглоомын өрөөгөөр үйлчлүүлэх хүүхэд багачууд гар утсандаа үнэ төлбөргүй аппликейшн татаж, камераар нь номын нүүр, ханын зураг, паззлуудаа уншуулан AR дэвшилтэт технологи ашиглан оюун сэтгэхүйгээ хөгжүүлэх юм.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны зарлиг, Засгийн газрын тогтоол, бодлого чиглэлийн дагуу бүх үйлдвэр, аж ахуйн газар дэргэдээ Хүүхдийн өрөөтэй байх ёстой. Энэхүү бидний тавьсан санал, зорилгыг Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдлагуудын "Ариадна" клуб, "Энэрэл" төв, “Аргун Холдинг” компанийн залуус дэмжиж, Хүүхдийн өрөөг байгуулж, өнөөдөр нээж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхийи захиргааны хоёрдугаар байранд 300 гаруй хүн ажилладаг. Жилд 1000 гаруй тендер зарлаж, өдөрт 500 гаруй хүн орж, гарч үйлчлүүлдэг. Энэ бүхэнд хүүхдээ дагуулсан хүмүүс олон ирдэг. Манай үйлдвэрийн дотоод журамд зааснаар хүүхэд багачууд улсын онцгой объект Эрдэнэт үйлдвэрт нэвтрэх боломжгүй. Эмэгтэйчүүд ажил дээрээ зав чөлөөгүй ажилладаг болохоор хүүхдүүдтэйгээ тэр бүр уулзаад байж чаддаггүй. Энэ бүхнийг "Ариадна" клубийнхэн харж, санаачилснаар, үйлдвэрийн удирдлагууд дэмжиж өнөөдөр Хүүхдийн өрөөтэй боллоо. Монгол Улсыг Монгол залуус хөгжүүлнэ. Тэгэхээр хүүхэд багачууд аав, ээжтэйгээ энэ өрөөнд ирж, цагийг зөв боловсон, ая тухтай, үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдлээ. Хүүхдийн дуу цангинасан газар эерэг энерги цацарч байдаг. Эрдэнэт үйлдвэр хүүхдэд ээлтэй байгууллага байхын төлөө хичээж, зорьж ажилладаг. Манай үйлдвэрийн дэргэд хүүхдийн цэцэрлэг, 10 жилийн дунд сургууль үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил манай үйлдвэр ОХУ-ын Гэгээрлийн яамтай гэрээ байгуулж тус улсад албан ёсны бүртгэлтэй сургууль болсон. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй ажлууд юм. Эрдэнэт үйлдвэр зөвхөн зэс олборлох бус, монгол оюун ухаан, ирээдүйн хүүхэд багачуудыг хөхиүлэн дэмжиж ажилладаг. Эрдэнэт үйлдвэрт ажлаар ирсэн хүмүүс Хүүхдийн өрөөнд үр хүүхдээ ая тухтай байлгаж, үйлчлүүлэх бас нэгэн боломж бүрдлээ. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж Хүүхдийн өрөөг тохижуулахад 34 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн “Аргун Холдинг” компанийн залуустаа баярлалаа. Мөн Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын, Эмэгтэйчүүдийн, Залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагууд хүүхдийн өрөөг байгуулахад сэтгэл зүтгэл гаргаж ажиллалаа. Энэ өрөөг тохижуулахад үйлдвэрээс, төсвөөс ямар ч зардал гараагүй. Цэвэр сайн дурын дэмжлэг, тусламж санхүүжилтээр хийгдлээ. Монголын үрс маш олон болтугай” хэмээн онцлов.
Хүний нөөц, Захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр: "Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдлагуудын Ариадна клуб үүсэн байгуулагдаад нэлээн хэдэн жилийг ардаа үдсэн байна. Энэ байгууллага нь эмэгтэй удирдлагуудын ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан сайн дурын клуб юм. Эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилчдын 30 хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг. Монгол Улсын хэмжээнд уул уурхайн салбарт нийт эмэгтэй ажилчдын тоогоор тэргүүлэх байранд явдаг. Гэвч шийдвэр гаргах түвшинд ажилладаг эмэгтэй ажилчдын тоо нэг хувь хүрэхгүй байгаа. Тэгэхээр цөөхөн ч гэсэн шийдвэр гаргах түвшинд ажилладаг манай "Ариадна" клубын гишүүдийн санаачилга, хандив тусламж, дэмжлэгээр Хүүхдийн өрөөтэй боллоо. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, мөн хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр Хүүхдийн өрөө байгуулсандаа баяртай байна. Энэ Хүүхдийн өрөө бусад байгууллагын хүүхдийн өрөөнөөс арай онцлогтой. Өөрөөр хэлбэл Монгол залуусын оюуны бүтээлээр бүтсэн AR технологи агуулсан хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн өрөө болсноороо онлог юм. Энэ өрөөнд ирээдүйн Монгол Улсыг хөгжүүлэх хүүхдүүд маань тоглож, оюун ухаанаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна".
“Аргун Холдинг” компанийн AR төслийн захирал Б.Амаржаргал:
"Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэй удирдлагуудын "Ариадна" клубын хамт олон, үйлдвэрийн ажилтнуудын хүүхэд, гэр бүлд зориулсан Хүүхдийн өрөө байгуулах санал гаргаж ажил хэрэг болгосонд манай компанийн зүгээс тун их баяртай байна. Тус клубтэй хамтран манай компани Хүүхдийн өрөөг тохижууллаа. “Аргун Холдинг” компани AR технологи хөгжүүлэлтээрээ олон улсад тэргүүлэх байр суурьтайгаар ажиллаж, олон кэйсүүд бүтээж байна. Манай компани өнгөрсөн жил нийгмийн хариуцлагын хүрээнд Эх нялхасын эмгэг судлалын төвд Хүүхдийн өрөө тохижуулж өгсөн. Тэгэхээр AR технологи нь эрүүл мэнд, боловсролын салбарт маш өндөр үр өгөөжтэй байгаа. Хүүхдүүд нүдэнд харагдах боломжгүй газар дор болж буй процесс, сансар огторгуй, эсвэл эрт мөхөж үгүй болсон үлэг гүрвэлүүдийг яг одоо өөрийн байгаа орчинд бодитоор гаргаж судлах боломжийг олгодгоороо боловсролын салбарт трэнд технологи болон хөгжиж байна. Манай компани 700 гаруй цэцэрлэг, 120 сургуульд AR технологийн үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна.