Эрдэнэт үйлдвэрийн Харагчин туулай жилийн Хөдөлмөрийн аваргуудыг тодруулах ёслолын эхэнд нэр нь дуудагдаж, улаан хивсэн дээгүүр түрүүлж алхан, гэрэл гялбасан тайзан дээрээс уурхайчидтайгаа гар даллан мэндчилсэн хүн бол Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Татварын албаны Тэргүүлэх нягтлан бодогч Сономпунцагийн Туул юм. Түүнийг гадаа машинаас буухаас эхлээд хөтлөгч, Татварын багц хуулийг Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, 2023 онд улс, орон нутгийн төсөвт нийт 2.02 их наяд төгрөгийн татвар, төлбөрийг хуулийн хугацаанд төлж, 15 төрлийн татварын тайланг хугацаанд нь тайлагнасан...” гэхчлэн аваргын ажлын амжилтыг хүнгэнүүлэн дуудах нь бахархал төрөм.
Энэ үйл явдлаас хэдэн сарын дараа бид аяны замд дөрөө харшуулж танилцсан юм. Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин бүсгүйчүүдийн төлөөлөл 40 эмэгтэй “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” Үндэсний IV чуулганд оролцохоор Өмнийн цэнхэр говийг зорьж явлаа. Автобусанд нутгийнхаа агаар ус, алив сайхан бүхнийг ярьж, бага насны дурсамжаа хуучлахдаа нулимс дуслуулж, алдахаасаа онох нь их байсан амьдралынхаа хөгжилтэй түүхийг өгүүлэхдээ тормолзон инээж, тэр ч бүү хэл татвар шимтгэлийн талаарх тодорхойгүй ойлголтыг тун чадмаг тайлбарлан таниулж явсныг нь одоо хэр мартдаггүй. “Татварынхан” гэж тоо бодохоос өөрийг мэддэггүй, дүнсгэр, хямсгар нөхөд байдаг гэх миний төсөөллийг тэр юу ч үгүй эвдсэн. Цайлган инээдтэй, цагаан сэтгэлтэй, хурдан түргэн яриатай, хошин шогийн өндөр мэдрэмжтэй энэ эмэгтэйгээс аяллын турш би хараа салгаж чадаагүй. Тэр зарим үед тэнгэр ниргэж байсан ч анзаарахааргүй, төвлөрчихсөн суух. Яг энэ үед л толгойд нь тоо бодогдож, тайлан тооцоо нь зураглагдан буудаг болов уу, гэлтэй. Гэсэн ч төд удалгүй шилэн жүнз жингэнүүлэн, бүжгийн заалны голд эргэж явах энүүхэнд. Ажиллаж, бас амарч сурсан, мөнхүү амьдарч чадсан хүний дүр төрх. Хэзээд өөрийнхөөрөө, хэний ч нөлөөнд автахгүй, найрсаг хэр нь гуйвахгүй цэх.
Хөдөлмөрийн аварга С.Туул Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Долоон хүүхэдтэй айлын дундах нь хэдий ч үрийн хүслэн болсон гэр бүлийн хойморт залагдсан “бурхан”. Хоёр дүү дагуулсан “булган сүүл”-тэй буянт эгч. Өөрийгөө тун даруухан, томоотой охин байсан гэж бодох боловч 7-р ангийн сурагчийн хувийн хэрэг дээр нь багш нь ам түргэн гэж бичсэн удаатай. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа 10-р анги төгстлөө математикийн олимпиадад тасралтгүй оролцсон, аймгийн гурван удаагийн аварга тоочин. Аав, ээж нь түүнийг дүүдээ өргүүлсэн болохоор ойрхон орж гарч, үнэрлэн эвийлж өсгөлцжээ. С.Туулын төрсөн аав нь нягтлан, өргөж авсан ээж нь нярав хүн байсан болохоор тэр талын мэдэгдэхүүн багаас суусан. Ээжийгээ тайлан гаргахад бөөний барааг нь тоолж өгдөг, тэр ажилдаа бүр гаршсан байв. Харин аавынх нь амнаас баланс гэдэг үг байнга гарах бөгөөд байгууллагын бүх мөнгийг тэмдэглэж, хэмжиж тооцдог ажилтай юм байна гэдгийг ерөнхийд нь ойлгоно. Ингээд тэр МУИС-ийн санхүүгийн ангид элсэн суралцсан. Түүний өссөн орчин мэргэжил сонголтод нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
С.Туулыг Их сургуулиа төгсөхөд Сангийн яам Дорноговь аймагт хуваарилжээ. Оюутан байхдаа өөрийг нь бүтэн долоон жил дагаж, үнэнчээ харуулсан, хамар хашааныхаа хархүүтэй гэрлэснийг хэлэх үү, анхны хүүхэд нь нялхыг хэлэх үү, өөр аймагт очихыг түвдсэнгүй. Оюутны ширээнээс дөнгөж гарсан охин Сангийн сайдтай нүүр тулж, “Эрсдэлээ өөрөө даана” гэж хэлээд, хувийн хэргээ аваад гарсан том зориг. Ингэж тэр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн анхны байцаагч болсон түүхтэй. Тэндээ тэтгэврийн байцаагчаар хоёр жил гаруй хугацаанд ажиллаад Татварын алба руу шилжжээ. Зах зээлийн нийгмийн үед тэтгэвэр, тэтгэмж цагтаа буухгүй, таарсан хүн бүр тэтгэвэр хэзээ буухыг байцаагчаас асууж нэхдэг байлаа. Сүүлд Татварын алба руу орсон хойно нь түүний нэг найз нь “Чи нэг хэсэг хүний мөнгө авчихсан юм шиг л явдаг байсан, одоо хүнд мөнгөө алдчихсан хүн шиг л байх юм” гэж егөөдөж байх вэ. С.Туул татвараар мэргэшихийн сацуу Удирдлагын академид давхар суралцан өөрийгөө хөгжүүлж, улмаар 1996 оны яргуй дэлгэрэх цагаар Эрдэнэсийн хотод суурьшихаар иржээ. Тухайн үед Өмнөговь аймгийн бүтэн жилийн төсөв 300 сая төгрөг байсан бол Орхон аймагт сардаа 300 орчим сая төгрөгийн төсөв бүрдүүлдэг татварын байцаагч болов. Тэрээр амаргүй энэ албанд 20 жил түүртэлгүй зүтгэсэн. Бүр Татварын Туул гэж овоглогдох хэмжээнд хүртлээ нэр төртэй ажилласан. Одоо Эрдэнэт үйлдвэрт сардаа 30, 40 тэрбумаар тооцогдох татвар, төлбөрийн асуудлыг хариуцаж байна. Тооны орон нэмэгдэхийн хэрээр мэргэжлийн байх нягт чанар, ачаалал даах чадвар, хариуцлага дээшлэх нь зүйн хэрэг.
Татвар хураадаг, тайлан нэхдэг байсан хүн татвар төлөгч болно гэдэг их өөр өнцөг. Авахаасаа өгөх нь ерөөлтэй гэдэг ч өгөхөд зөв шударга зарчим чухал. Эрдэнэт үйлдвэрийн Татварын албаны Тэргүүлэх нягтлан бодогч С.Туул өнгөрсөн онд 5.8 тэрбум төгрөгийн татварын хэмнэлт гарган үр ашигтай ажиллажээ. Тухайлбал, Гаалийн төв лабораториос ирүүлсэн гаалийн мэдүүлгүүдийг тулган шалгаж, 2022 оны 12-р сарын 20-ны өдөр ирүүлсэн мэдүүлэгт мөнгөний агуулгыг 831.0 хувь гэж алдаатай мэдүүлснээс зэсийн баяжмал дахь мөнгөнд ногдох АМНАТ илүү ногдуулсан байсныг илрүүлж, 3.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байх жишээтэй. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга болоход хангалттай захын баримт. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд түүний нягталж илрүүлсэн, хэмнэсэн мөнгийг тоолж тоочвол овоо олон оронтой тоо гарах биз. С.Туул орон нутгийн төсөвт төлөх татвар, улсад төлөх татвар, хүн амын татвар, тээвэр, газрын татвар гээд нийт 15 төрлийн татварын тайланг эцэслэж, том дүнгийн ард хариуцлага үүрч үлддэг. Тоотой холбогдсон 40-өөд жилийн туршлага, мэдлэг, чадвар нь түүнийг өөртөө ийм итгэлтэй, даацтай байхад нөлөөлдөг болов уу.
“Эрдэнэт үйлдвэрийн улс, орон нутгийн төсөвт төлөх татвар жилээс жилд нэмэгдэж байгаад талархдаг ч заримдаа харамсдаг” гэж аварга ярьсан нь учиртай. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг тултал хэрэгжүүлж, уурхайчид бүсээ чангалан байж ил тодоор татвараа нэмэгдүүлж байхад орон нутгийн замаас эхлээд хотын өнгө төрх төдийлөн сайжрахгүй байгаад сэтгэл дундуур явдгаа нуугаагүй. Төлж буй мөнгөтэйгөө харьцуулахад тийн чамлалттай санагддаг буй за.
Нягтлан бодох бүртгэл гэдэг нэг мөнгөний зөрүүгүй байж таардаг. Татварын тайлан нэгтгэлийг хуулийн хугацаанд үнэн зөв гаргахын тулд С.Туул оройн цагаар төвлөрч суудаг дадалтай. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны II байрны нэг цонх үдшээр гэрэлтэй байвал Татварын Туул ахайтан эх орны хөгжилд хэрэг болох мөнгөний тооцоо хийж байна гэж ойлгоорой.
Татварын Туул ахайтан
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0