Энэ удаа бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны “Шилдэг мэргэжилтэн”, Дулааны цахилгаан станцын Ээлжийн дарга Б.Батбаяртай уулзаж ярилцлаа.
-Юун түрүүнд танд Оны шилдгээр шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Нэг уламжлал болсон асуулт тавьчихъя. Яг ийм асуултаар ярилцлага эхэлнэ гэсэн ёс байхгүй. Бас ийм асуулт тавьж болохгүй гэсэн жоргүй л дээ. Аливаа хүний удам судрыг заавал асуумаар санагддаг юм?
-Өвөг дээдсийнхээ удам судрыг төдийлөн сайн мэдэхгүй юм. Мэдлээ гэхэд буруу зөрүү юм ярих биз. Миний аавыг С.Бадрах, ээжийг Д.Зина гэдэг. Аав, ээж хоёр маань багш мэргэжилтэй, боловсролын байгууллагад 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд.
-Та ямар асуултыг бүү асуугаасай гэж бодож байна?
-Хүн бүрд өөрийн гэсэн орон зай байдаг учраас хувийн амьдралтай холбоотой асуулт битгий тавиасай.
-Таны бага нас хаана хэрхэн өнгөрсөн бэ?
-Бага нас маань тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил ясли, цэцэрлэг, сургууль дамжиж өнгөрсөн дөө. Манайх 1982 онд Эрдэнэт хотод шилжин ирж, би нэгдүгээр цэцэрлэгт хүмүүжсэн. 1984 онд найман жилийн 3-р сургуульд Б.Нямаа багштай 1б ангид элсэн орсон юм. 1987 онд манайх байранд ороод, арван жилийн 5-р сургуульд сурч 10-р ангиа төгссөн. Бидний үед гар утас, интернэт тоглоом байгаагүй болохоор жинхэнэ амьд харьцаа үүсгэж ангийнхаа, байрныхаа найзуудтай гадаа л тоглож өссөн. Байр, байраараа оросын элчингийн ард хөл бөмбөг, байрныхаа гадаа “гүйдэг матик” их тоглоно. Сагсны шит их ховор. Цагариг хийгээд л маргааш нь алдчихна. Өөр газраас алдсан аргаараа олоод буцаагаад л алдана. 10 жилийн төгсөлтийн хонхны баяраар амралтад яваад, тэр үед бензин олдохгүй ховор байсан болохоор буцахдаа 30 гаруй км газар хамаг юмаа үүрээд алхаж ирсэн гээд л дурсамж их бий.
-Таны эзэмшсэн мэргэжил юу вэ?
-Би цахилгааны инженер мэргэжилтэй.
-Эрдэнэт үйлдвэртэй ажил, амьдралаа хэрхэн холбосон талаар ярина уу?
-Би 1999 онд ШУТИС-ын ЭХИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөөд, “ЭДЦС” ТӨХК-д ээлжийн цахилгаанчнаар анх ажилд орж байлаа. Харин 2006 онд БНСУ руу гэрээт ажилчнаар яваад 2010 онд ирсэн. Ирээд ажил олдохгүй хэсэг явж байгаад Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станцад турбин суурилуулахын зэрэгцээ ажилтан сонгон шалгаруулахад нь тэнцэж ажилд орсноос хойш 14 жил өнгөрсөн байна.
-Таны ажлын онцлог юу вэ?
-Манай станцын хувьд дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэр болон үйлдвэрийн бүсийн хэрэглэгчдийг дулаан, эрчим хүчээр хангах, цахилгаан эрчим хүчийг Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж 24 цаг тасралтгүй ажилладаг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийг гэрэл, дулаантай, аятай тухтай амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг үйлдвэрийн гал голомт гэдгээрээ онцлог юм уу даа.
-Та хөдөлмөр зүтгэлээ хэрхэн үнэлүүлсэн гэж боддог вэ?
-Хамт олон маань миний хөдөлмөрийг чамгүй үнэлсэн. 2018 онд Эрчим хүчний яамны “Хүндэт жуух бичиг”, 2021 онд хэсгийн Хөдөлмөрийн аварга, 2022 онд “Эрчим хүчний тэргүүний ажилтан”, 2023 онд ДЦС-ын “Шилдэг инженер”, 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шилдэг мэргэжилтэн” боллоо.
-Таны давуу талууд юу вэ?
-Ямар нэгэн ажлыг шантралгүй, тууштай хийж, эцсийн үр дүнг үздэг. Хүмүүсийг ялгаж харьцдаггүй. Ажлыг хүнээр хэлүүлэхгүй өөрөө санаачилж хийдэг.
-Та бусдад ямар шаардлага тавьдаг вэ?
-Ажлын байранд бүх хүнд ижил шаардлага тавьж ажилладаг. Найз, нөхдөдөө “Ажил бол ажил, бусдаараа бууз, хуушуур шиг явъя” гэж хэлдэг.
-Анх санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажлаасаа дурдана уу?
-Хамгийн анх уу. Станцын хүчний болон гэрэлтүүлгийн 6/0,4кВ-ийн кабелийн журналыг бүх ажлын байраар нь шалгаж шинэчлэн хийж байлаа. Дараа нь 48МВт-ын өргөтгөлийн ажлаар Хятадын мэргэжилтэнтэй хамтарч сэлгэн залгалтын үлгэрчилсэн программ боловсруулсан. Мөн ДЦС-ын найдвартай ажиллагааг хангах зорилгоор дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийг котельный -А, Б 35/6кВ-оос “Зэст” 110/6кВ руу шилжүүлэх схем, “Тусгаарлалтын пайз, цоожны систем” нэвтрүүлэх ажилд оролцсон. ДЦС-д 48МВт-ын өргөтгөлийн ажил амжилттай хийгдэж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч рүү шилжсэн, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд эхний гуравт орохоор цахилгаан эрчим хүчний эх үүсвэр болсонтой холбоотой ашиглалтын ажилчдын үүрэг хариуцлага өндөр болсон. Иймээс нэгдсэн системийн дүрэмд нийцүүлж “ДЦС-ын ашиглалтын ажилчдын мөрдөх дэг”, “Хяналт мэдээллийн систем”, “ДЦС-ын тоног төхөөрөмжийн эвдрэл, доголдлыг ажлын бус цагаар шуурхай зохион байгуулж хэвийн горимд оруулах”, “Технологийн зөрчлийг судлан, бүртгэх”, “ДЦС-д аваар эсэргүүцэх дасгалыг зохион байгуулах” гэх мэт журам боловсруулж, цехийн удирдах ажилтнуудаар хянуулан, батлуулж мөрдөн ажиллаж байна. Сайн саналын системд 60 гаруй санал гаргаж хэрэгжүүлсэн.
-Тэгвэл та юу судалж мэдсэн гэж боддог вэ?
-Ажил, амьдрал дээр одоо ч сурч мэдэх зүйл их байна. Миний судалж мэдсэн зүйл, их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм даа.
-Таны амжилтын үндэс юу вэ?
-Аав, ээжийн хүмүүжил, бага, дунд сургууль, их сургуулийн багш нарын олгосон мэдлэг, хамт олны ажлын дадлага туршлага, өөрийн хичээл зүтгэл гэж боддог. Хүн өөрөө хичээхгүй бол ямар ч амжилтад хүрэхгүй шүү дээ.
-Таны амьдралд хэн, эсвэл юу хамгийн чухал байр суурь эзэлж байна?
-Гэр бүл, ажлын байр.
-Та амьдралдаа хэр сэтгэл ханамжтай явдаг вэ?
-Сэтгэл ханамж маш өндөр байна. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ, хайрлан өсгөсөн ах, эгч, дүү, хамаатан садан нартаа, амьдралыг туулах хос багана ханьдаа, аз жаргал баяр баясал болсон үр хүүхдүүддээ, баяр жаргал, зовлон гуниг болоход үргэлж хамт байдаг найз нөхөд, ажлын хамт олондоо, ажлын анхны гарааг минь амжилттай эхлүүлсэн “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хамт олондоо, намайг таньдаг, амьдралыг минь аз жаргалтай, сэтгэл ханамжтай байлгадаг бүх хүмүүст баярлаж, талархаж явдгаа энэ дашрамд хэлье.
-Та “гарын” шавь олонтой юу? Тэдэнд юу зааж зөвлөдөг вэ?
-Ээлжийн дарга М.Эрдэнэбат, ЦТХ-ийн ээлжийн мастер П.Анхбаяр, ахлах цахилгаанчин М.Галиндэв нар байна. Ажлын байрны онцлог, хийж байгаа ажилтай нь холбон өөрийн мэддэг бүх зүйлээ зааж сургадаг. Өөрөө ч тэд нараасаа сурах зүйл их байдаг даа. Ер нь юм сурч мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүс андашгүй. Өөрсдөө ирж уулздаг, тэр хүмүүст өөрийн мэддэг бүхнээ харамгүй зааж сургахыг боддог.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Гэр бүл, найз нөхөдтэйгөө аялалд явах, тоглох дуртай.
-Таны баримталдаг зарчим юу вэ?
-Аав маань их зарчимч, шударга хүн байсан. Бидэнд тийм байхыг зааж сургасан.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Зууны манлай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны “Шилдэг мэргэжилтэн” болсондоо маш их баяртай байна. Хийсэн ажлыг минь үнэлсэн, үргэлж тусалж дэмждэг ДЦС-ын удирдлагын баг, нийт хамт олондоо маш их баярлалаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.