Уул уурхайн хүнд үйлдвэрт эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг эмэгтэйчүүд цаанаа л хүчирхэг, бахархмаар харагддаг. Эрдэнэт үйлдвэрт 2400 гаруй уурхайчин бүсгүй бий. Тэдний нэг нь Засвар, механикийн заводын Механик цехийн Засвар, угсралтын хэсгийн өрөмдөгч суурь машины оператор Цэнд-Аюушийн Гүнпэлмаа.
Түүнтэй уулзахаар Засвар, угсралтын хэсгийн ажлын талбарт очвол Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн шигшүүр эвдрээд, сэргээн засварлуулахаар ирсэн харагдана. “Герман чанар” гэх боловч үйлдвэрт таван жил тасралтгүй ажиллахад эрхгүй эвдэрдэг гэнэ. Ингээд энэ хэсгийнхэн Технологийн товчооны гаргасан зургийн дагуу эд ангиудыг нь сэргээн засварлан шинэ болгоод ашиглалтад явуулна. Суурь машин, том оврын тоног төхөөрөмжийн дунд үзэгдэхгүй шахуу шаргуу ажиллах шавилхан биетэй энэ эмэгтэй төмөр эд анги нүхлэх, цоолох, резво татах хүчирхэг техникийг удирддаг. Засвар, механикийн заводод нарийн мэргэжлийн 100 гаруй ажилчин бий. Тэдний нэг нь Ц.Гүнпэлмаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрт 33 дахь жилдээ ажиллаж байна.
Түүний дэргэд мөн Баяжуулах үйлдвэрийн тээрмийн гол эвдрээд ирсэн “хэвтэнэ”. Үүнийг шинээр худалдаж авбал 250-260 сая төгрөг болно доо, гэж дотроо тооцоолон бодох зуураа импорт орлох бүтээгдэхүүн гаргаж буй энэ хамт олны Эрдэнэт үйлдвэрт оруулж буй эдийн засгийн хэмнэлт, үр ашгийг үнэлэн бахдаж явлаа.
Ц.Гүнпэлмаа Архангай аймгийн Хайрхан сумын малчин Н.Цэнд-Аюушийнх гэх айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн. Эднийх түүнийг есөн настай байхад 1981 онд Эрдэнэт хот руу шилжжээ. Аав нь Эрдэнэт үйлдвэрийн Туслах аж ахуйн малчнаар, ээж нь саальчнаар ажилд орж, Ц.Гүнпэлмаа багаасаа их үйлдвэрийн хайр, буян хишгийг хүртэж өссөн. Эднийх “Сэлэнгэ” амралтын бааз, хүүхдийн зуслан, цэцэрлэгийг зундаа сүүгээр, өвөлдөө махаар хангах үүрэгтэй. Хөдөө сумын малчдыг бодвол хангамж сайн. Үйлдвэр өвс тэжээлийг нь аваад, хашааг нь бариад, унаа гаргаад нүүлгээд өгчихнө. Сардаа нэг удаа эмч нар очоод эрүүл мэндийн үзлэг хийчихнэ. Сурагчдын амралт болохоор үйлдвэр унаа явуулаад хүүхдүүдийг нааш, цааш нь зөөнө. Ингээд бодохоор Ц.Гүнпэлмаа Эрдэнэт үйлдвэртэй холбогдсоноос хойш 44 дэх хавартай золгох гэж байна.
Тэрээр хүүхэд байхдаа таван дүүгээ урдаа суулгаад, цэцэрлэгийн багш болон тоглодог байсан нь ирээдүйд хийх ажлаа зөгнөсөн мэт. Ц.Гүнпэлмаа Эрдэнэт хотын III сургуулийг дүүргэж, улмаар Булган аймгийн Орхон суманд байсан Барилгын техник мэргэжлийн сургуулийг шавар, будагчин мэргэжлээр төгсжээ. Гэсэн ч хүүхэд байхын хүсэл мөрөөдлөө даган Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх 14-р цэцэрлэгийн туслах багшаас ажлын гараагаа эхэлсэн. Удалгүй, нийгэм зах зээлийн эдийн засагт шилжиж, цэцэрлэг татан буугдахад, зургаан жил туршлага хуримтлуулж дөртэй болсон ажлаа орхиод, Засвар, механикийн заводын Цутгуурын цехэд үйлчлэгчээр шилжин ажилласан юм. Хүүхдийн инээд цалгисан, өнгөлөг, гэгээн орчноос үйлдвэрийн дуу чимээтэй, тоос шороотой, үнэр ихтэй үндсэн цех рүү ирэхэд, анх халширмаар санагдаж байсныг нуугаагүй. Тухайн үед үйлдвэрлэлийн ажлын байрны орчин нөхцөл өнөөдрийнх шиг сайхан байгаагүй. Бүтэн жил хэртэй толгой өвдөж явсан гэж дурслаа. Хорь гаруйхан настай, хонгор зүстэй, жаахан охин байхдаа энэ цехийн босгоор алхаж, ажлын амт, амьдралын хань, бүхий л цаг үед түшиж тулах сайхан хамт олноо эндээс олсон.
Үйлдвэрийн орчин нөхцөлд эхэндээ дасахгүй, зүдэрч байсан охин яваандаа металл хайлуулж цутгах хэвний хольц бэлтгэгч хэмээх ховор мэргэжлийг өндөр түвшинд эзэмшиж, жилийн төлөвлөгөөгөө үргэлж 100 давсан хувиар биелүүлдэг Тэргүүний уурхайчин болж чадваржсан юм. Хүнд үйлдвэрт ажилладаг эмэгтэйчүүд ингэж л хүчирхэгжиж, хат суудаг. Түүний ажилласан он жилүүдэд Цутгуурын цех 74.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсний дотор 192.4 мянган тонн цутгамал бүтээгдэхүүний хэвийг Ц.Гүнпэлмаа хийж, хамт олноо манлайлан ажилласан байдаг. Энэ цехэд хүйтнээр хатуурах холимгоор хэв барих дэлхийн дэвшилтэт технологи нэвтэрснээр түүний гараар хийдэг ажлыг техник хийх болсон. Ингээд тэр эцсийн бүтээгдэхүүн гаргадаг гол хэсэг болох Механик цехийн Засвар, угсралт руу шилжин ажилласан юм. Өрөмдөгч суурь машины операторын хийх ажил тодорхой. Технологийн нарийн зургийн дагуу өрмийн хошуугаа сурмаг сольж, металл эд ангийг нүдэн баримжаагаар цоолоход мм-ийн зөрүүгүй таарах нь гайхалтай. Энэ бол туршлага, ур чадвар.
Засвар, механикийн заводын үндсэн нэрийн бүтээгдэхүүнүүд, тухайлбал 100 сая төгрөгийн шагнал хүртсэн “Инноватор” цомын бүтээл болох Баяжуулах үйлдвэрийн “Грат-1400” насосын эд анги эндээс гардаг. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех зэрэг үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн технологийн тоног төхөөрөмжийн эд анги эвдэрч, аваарын байдал үүссэн тохиолдолд амралт, баярын өдөр байсан ч энэ хэсгийнхэн хэзээд бэлэн, засварлах онцгой үүрэгтэй. “Байлдааны бэлэн байдлын дайчид” гэж хэлж болно. Харин “тусгай салааны мэргэн бууч” нь Ц.Гүнпэлмаа. Түүний шавь Ш.Ундрах “Миний багш өөрийн мэддэг, чаддаг бүхнээ хүнд харамгүй өгөхийн төлөө төрсөн гайхалтай эмэгтэй. Удахгүй гавьяаныхаа амралтад сууна гэж бодохоос сэтгэл хоргодоод байх юм” гэж ярихдаа нулимс унагана билээ. Хүнээр дутах сэтгэлийн хоосролыг Ц.Гүнпэлмаа сайн мэднэ. Тос даасан энэ л цехдээ учирч, хайрлаж, гал шиг асаж, гараас хөтлөх охин үрээ дундаа эрхлүүлж явсан хос зүрхний нэг нь дөрвөн жилийн өмнө зогссон. Амьдрал юм хойно, хамт олныхоо хүч дэмээр эдгэж л яваа бүсгүй заяа. Харин одоо энд бүтээсэн бүх дурсамжаа эвхээд, эргэж хараад инээмсэглэх л үлдлээ.
Та бол Эрдэнэт үйлдвэрийн бахархалт ажилтан.
ГҮНПЭЛМАА


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

3

0

0

0

0