Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын Механик цехийн Сэлбэг бэлтгэх хэсгийнхэн Баяжуулах үйлдвэрт ашиглагдаж байгаа МШЦ 3.2 тээрмийн хөтлөх арааг өөрсдийн хүчээр хийж, үйлдвэрлэлд туршихад бэлэн болгожээ. МШЦ тээрмийн хөтлөх араа хийх ажлыг тус хэсгийнхэн анх удаа гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэгэн шинэ төрлөөр нэмэгдүүлж байна. Энэхүү тээрмийн хөтлөх арааг Эрдэнэт үйлдвэр гадаад орноос 70 орчим сая төгрөгийн өртөгөөр худалдан авдаг байжээ. Харин тус цехийн инженер техникийн ажилтан, ажилчид өөрсдийн мэдлэг чадвар, туршлага дээр тулгуурлан дотооддоо үйлдвэрлэсэн нь импортоор авдаг сэлбэг тоног төхөөрөмжийн зардлыг багасгаж, эдийн засгийн үр ашигтай ажиллах таатай боломжийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр болж байгаа юм.
Өнгөрсөн оны 3-р улирлаас хийж эхэлсэн МШЦ тээрмийн хөтлөх арааг өнөөдөр эцсийн байдлаар угсарч, дуусган ирэх 7 хоногт захиалагч тал буюу Баяжуулах үйлдвэрт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
2017 онд Механик цехийн Сэлбэг бэлтгэх хэсгийнхэн 2118 тонн металл боловсруулалт хийхээр төлөвлөжээ. Оны эхний сард 185 тонн металл боловсруулалтын ажлыг гүйцэтгэсэн бол 2 дугаар сарын төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелэх боломж бүрдсэнийг хэсгийн дарга З.Рэнцэндаш онцлов. Тус хэсгийн хамт олон өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, энэ оны төлөвлөгөөгөө хугацаанаас өмнө биелүүлэх зорилттой ажиллаж байна.


















