Сайн саналын системийн манлайлагчдын “Бүтээлч санаачлагч” чуулган өнөөдөр Ерөнхий захиргааны 2-р байрны Оюу танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд сайн саналын системийн манлайлагчид, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам нарын үйлдвэр, бүтцийн нэгжийн удирдлагууд, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Инноваци технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг, “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Нэкстком компанийн гүйцэтгэх захирал Л.Саруултөгс нарын зочид оролцлоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг чуулганыг нээж үг хэллээ. Чуулганы үйл ажиллагааны нэгдүгээр хэсэг компанийн хөгжил ба ажилтны оролцоо сэдэвт илтгэлээр үргэлжлэв. Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Дашдорж, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Инноваци технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг, Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номын орчуулагч Л.Саруултөгс, Сэлэнгэ амралтын баазын зуслан хариуцсан мэргэжилтэн О.Дэлгэрмаа, ЗМЗ-ын Цутгуурын цехийн тоног төхөөрөмжийн засварчин Н.Баярхүү нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ үеэр хамт олондоо үлгэр дуурайл болж, сайн саналын 100 манлайлагчийн жагсаалтыг тэргүүлэгч ЗМЗ-ын Цутгуурын цехийн эрчим зүйч Л.Энхтөр, Баяжуулах үйлдвэрийн НБХ-ийн тээрмийн машинч Г.Болдхуяг, Чанар хяналтын хэлтсийн Химийн шинжилгээний лаборант Б.Сайнбилэг нарт “Санаачилгатай манлайлагч” гэрчилгээ олголоо. Чуулганы үйл ажиллагааны 2-р хэсэг буюу санаа дэвшүүлэх үйл ажиллагаа явагдав. Энэ хүрээнд 5 сая хүртэлх төгрөгийн санхүүжилтэд багтаан хэрэгжүүлэх боломжтой сайн саналаа чуулганд оролцогчдоос 68 хүн 1 минутад багтаан танилцууллаа. Эдгээрээс хамгийн их санал авсан 20 сайн санааг шалгаруулан чуулганы дараагийн үе шатны шалгаруулалтанд оролцуулах аж. Ийнхүү чуулганы нэгдүгээр үе шат өндөрлөв. Чуулганы 2-р үе шатанд төслийн боловсруулалт хийж, 3-р үе шатанд дэвшүүлсэн төслүүдээс 10 хүртэлх төслийн саналыг шалгаруулах юм байна. Чуулганы 3-р үе шат 2-р сарын 15-нд болох юм.















