Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр ХХК-д эхлүүлсэн том бүтээн байгуулалт бол Дулаан цахилгааны төвд 48 МВТ-ын нийлбэр хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулан өргөтгөх төслийн ажил юм. Тус төслийн ажлыг 2016 оны 5-р сарын 17-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 18 сарын хугацаанд бүрэн барьж, ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэлийн ажил 70,3 хувийн биелэлтэй, үүнээс барилга байгууламжийн ажил 98 хувьтай, тоног төхөөрөмжийн угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ.
Ойрын өдрүүдэд 2 турбин генераторыг хүлээн авч, угсрах бэлтгэл ажлуудыг хангасан бөгөөд үйлдвэрлэл дээр турших ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж. Эдгээр турбин нь үйлдвэр дулаалгын авлагатай, 12 МВТ-ын хүчин чадалтай юм. Мөн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн угсралт, тухайлбал, хаалттай хуваарилах байгууламжийн 110 киловольтын агаарын шугам, хуурай салгуур, гүйдлийн трансформатор угсрах ажлууд эрчимтэй хийгджээ. Барилга байгууламжийн дотоод засал чимэглэлийн ажлууд үндсэндээ дуусаж, шаардлагатай тоног төхөөрөмжийн нийлүүлэлт 70 орчим хувьтай байгаа юм байна.
Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн төсөл дээр өнөөдрийн байдлаар Хятад улсын 92 , Монгол улсын 80 орчим ажилчин ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралтыг гүйцэтгэхээр нарийн мэргэжлийн 66 ажилтан Хятад улсаас нэмэгдэж ирэх юм байна. Өргөтгөлийн ажлын явцад учирч буй хүндрэл бэрхшээл харьцангуй бага байгаа нь дотоод зохион байгуулалт, долоо хоног тутмын нарийвчилсан төлөвлөгөө, ажлын хэсгийн шуурхай зөвлөгөөний үр дүн гэдгийг төслийн зөвлөх Д.Батчулуун онцоллоо. Тус төвийн өргөтгөлийн төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятад улсын Harbin Electric International компани ажиллаж байгаа бөгөөд зураг төслийн ажлыг Harbin Electric Engineering Inctitute гүйцэтгэж байгаа юм.






















