Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын 2016 оны дөрөвдүгээр улирлын “Аюулгүй ажиллагчид” тодорч, шагналаа гардан авлаа. Компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлын үнэлгээний комисс улирал бүр үр дүнгийн хурал зохион байгуулж, ХАБЭА-н тэргүүний ажилтнууд, аюулгүй ажиллагчдыг тодруулдаг журамтай. Энэхүү журмын дагуу тус комисс 1 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, 2016 оны 4 дүгээр улирлын ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлын үр дүнгээр дараах цех нэгжийн ажилтнуудыг шагнаж, урамшуулахаар шийдвэрлэжээ.
ХАБЭА-н урьдчилан сэргийлэх ажлаараа тэргүүн байранд шалгарсан Ил уурхай, Дулаан цахилгааны төв, Ган бөмбөлгийн цех, Уурхайчин соёлын ордны удирдлага болон нэр бүхий ажилтнууд ХАБЭА-н тэргүүний ажилтны шагнал хүртсэн бол Ил уурхайн цахилгаанчин Д.Бадрах, Баяжуулах үйлдвэрийн засварчин Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Эрдэнэ, аппаратчин Ц.Болортулга, АТБ-ын засварчин Ц.Ангараг, Э.Амартүвшин нарын 24 ажилтан ХАБЭА-н чиглэлээр хамгийн үр ашигтай санал дэвшүүлж, асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцсоны учир Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтад анх удаа бүртгэгдсэн байна. 2016 оны 4 дүгээр улирлын ажлын үзүүлэлтээр тус жагсаалтанд 2 дахь удаа бүртгэгдсэн ажилтнаар Ил уурхайн насосны машинч Ц.Батсайхан, Баяжуулах үйлдвэрийн засварчин С.Баянбаатар, АТБ-ын үйлчлэгч Л.Эрдэнэсайхан, ЗМЗ-ын токарьчин С.Батцоож нарын 13 ажилтан тодорчээ. Эдгээр ажилтнууд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдах бүрэлдэхүүнтэй хүндэтгэлийн хүлээн авалт, ярилцлаганд орох эрхээр шагнагдсан байна.
Харин “Аюулгүй ажиллагч”-ийн жагсаалтанд Ил уурхайн грейдерийн машинч Н.Сод-Эрдэнэ, Баяжуулах үйлдвэрийн тээрмийн машинч Г.Болдхуяг, АТБ-ын жолооч Б.Чулуундагва, ЗМЗ-ийн хайлагч Г.Пүрэвсүрэн, Дулаан цахилгааны төвийн краны машинч Б.Мөнхтуяа, Засвар монтажийн цехийн С.Баянмөнх, Төслийн менежментийн хэлтсийн оператор Б.Алтанчимэг нар 4 дэх удаагаа бичигдэх болзлыг хангаж, гадаадад аялах эрхийн бичиг гардлаа.
















