Сайн саналын системийн манлайлагчдын оролцоонд тулгуурлан эрсдлийг илрүүлэх, үнэлэх, бууруулах боломжийг эрэлхийлж, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах шинэ санал, санаачлагыг дэмжин хөгжүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр ХХК-иас “Бүтээлч санаачлагч” чуулганыг энэ сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулна. Чуулганд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сайн саналын системийн 100 манлайлагч, бүтцийн нэгжийн удирдлагын төлөөлөл, Ерөнхий захиргааны мэргэжилтнүүд болон бүтээмжийн менежер, чиглүүлэгчид оролцож, 3 үе шаттайгаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.
“Бүтээлч санаачлагч” чуулганы эхний хэсэг нь “Санаа бий болох нь” сэдвийн дор өрнөх бол дэвшүүлсэн санааг төсөл болгон боловсруулах, түүнийг хэрхэн танилцуулах тухай илтгэл ярилцлагаар дараагийн шатны хэлэлцүүлэг үргэлжлэх ажээ.
Сайн саналын манлайлагчид нэгэн дор цугларч, санал бодлоо солилцсоноор тэднийг таниулан сурталчилж, нийт ажилтнуудын бүтээлч хандлагыг идэвхжүүлж, саналын систем дэх оролцоог нэмэгдүүлэх, манлайлагчдын дэвшүүлсэн шилдэг төслүүдийг дэмжин хэрэгжүүлж, бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвийн мэргэжилтнүүд онцоллоо.
















