Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын А/740 тоот тушаалаар Монгол улсын Уул уурхайн салбарт бодит хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагналаа.
Энэхүү “Эрдэнэт дээд өргөмжлөл” гардуулах ёслолын ажиллагааг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нээж үг хэлэв. Тэрбээр:”Эрхэм хүндэт зочид оо. Хүндэт уурхайчид аа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагааг амжилттай авч явж буй хамтран зүтгэгч нөхөд өө. Өнөөдөр хаврын урь орж буй сайхан өдөр байна. Дэлхий дахин хийгээд Монголчууд та бидний хувьд ч өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Энэ л гурван цагийн хэлхээс дээр бид үйл ажиллагаагаа явуулж, аж төрж байна. Өнөөдөр бидэнтэй энэ танхимд уулзаж, өнгөрсөн түүхээ ярихаар, цаашдын хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцох гэж ирсэн эрхэм хүндэт зочид бол Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялгийг бүрдүүлж, өсгөхийн төлөө, Эрдэнэтийн овооны баялаг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө, энэ үйлдвэрийг барьж байгуулах нь асар их үр ашигтай гэдгийг батлахын төлөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын төлөө, хамтарч ажиллах түншээ зөв олохын төлөө сэтгэл оюунаа чилээж, Монголчууд гадны хөрөнгө оруулалтыг татаж, тэрхүү боломжийг хамтран ашиглаж чадна, ийм агуу том бүтээн байгуулалтыг барьж байгуулж чадна гэдгийг өөрийн оронд төдийгүй хөрш зэргэлдээ орнууд, дэлхий дахинд харуулахын төлөө зүтгэсэн, одоо ч зүтгэж яваа уул уурхайн салбарын шилдгүүд юм. Тиймээс хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо, мөн ажил төрлийн улмаас хараахан ирж амжаагүй эрхэм хүмүүстээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээлч хамт олон, үе үеийн уурхайчдын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, гүн хүндэтгэл өргөн, мэхийн ёсолж, эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”гэв.
Монгол улсын 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол улсын анхны Ерөнхийлөгч, Түлш эрчим хүчний яамны сайд асан П.Очирбат, Геологи уул уурхайн яамны орлогч сайд асан Д.Рэнцэнханд, Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд асан Ч.Хурц, Геологи, эрдэс баялгийн яамны сайд асан Д.Цогбаатар, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Д.Дорлигжав, Х.Наранхүү, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарыг “Эрдэнэт дээд өргөмжлөл” дурсгалын медалиар шагнав. Энэхүү шагналыг П.Очирбат,Д.Ренцэнханд, Д.Хурц, Д.Цогбаатар, Х.Наранхүү нар гэр бүлийн хамт хүрэлцэн ирж, Эрдэнэт үйлдвэрийн Оюу танхимд гардсан юм. Мөн Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны монгол Ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Эрдэнэт дээд өргөмжлөл” медалиар нэхэн шагнав.


























