Агтны хариу жилдээ аяганы хариу өдөртөө гэдэг. Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баянбулаг багийн хөгжил” ТББ санаачлан тус багийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд сайн үйлсийн аяныг өнгөрөгч 11-р сард өрнүүлжээ. Энэхүү “сэтгэлийн дэм”-ээр Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн, 31 жил засварт ороогүй байсан, Дотрын тасгийг бүрэн засварт оруулсан юм. Дотрын тасгийн нарийн мэргэжлийн эмч нар эмчлүүлэгчдийнхээ сэтгэлийн талархал болгож “Сайн үйлсийн аян”-д манлайлан оролцсон барилгын материалын “100 айл” худалдааны төвийн түрээслэгчдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэгийг хийжээ.
















