Ган бөмбөлгийн цехийн хий дамжуулдаг шугам бөглөрснөөс үйлдвэрийг түр зогсоож, шуурхай ажилласны дүнд нүүрс хийжүүлэх зуухыг хэвийн ажиллуулж эхэллээ.
Энэ сарын 20-ны өглөөнөөс эхлээд тус цехийн ган бөмбөлөг үйлдвэрлэлт эрс мууджээ. Үйлдвэрийн удирдлагууд шуурхай зөвлөлгөөн хийж, гэмтлийг илрүүлэн 5 хоногийн дотор шуурхай засварын ажлын хэсэг байгуулан ажилласнаар зуухыг хэвийн ажиллагаанд оруулсан байна. Шуурхай ажлын хэсэгт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ЗМЗ, Ерөнхий механикийн хэлтэс, Хөгжлийн бодлогын газар,Үйлдвэр техникийн газрын мэргэжилтнүүд оролцож, гэмтэл гарсан хэсгийг тодорхойлж тасралтгүй 24 цагаар ажиллав. Гарсан гэмтэл нь нүүрстэй шууд холбоотой байсан бөгөөд хий дамжуулах шугам хоолойн бөглөрөлтөөс үүсчээ. Ган бөмбөлгийн цехийн нүүрс хийжүүлэх зууханд илчлэг өндөртэй, 6000-аас дээш илчлэгтэй нүүрс шаардлагатай. Шатаах зуухнаас цех хүртэл 100 гаруй метрийн урттай шугамаар хий дамжуулдаг байна. Үүний 20-иод метр нь бөглөрснийг 6-н удаагийн зүсэлт хийж, гэмтлийг илрүүлэн шуурхай арга хэмжээ авчээ.
Халаах зуух ассанаас хойш 24 цагийн дараа ган бөмбөлөгийн бэлдэцээ оруулдаг бөгөөд зууханд нэг удаа 48 ширхэг бэлдэц ордог байна. Эдгээр шат дамжлагын дараа ган бөмбөлөг цувих ажиллагааг эхлүүлдэг ажээ.
















