Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж, үйлдвэрийн бүх цех нэгжийн анхан шатны хороодын дунд “Дурсгалын туг” аялуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго нь ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг гишүүддээ сурталчлах, тэдний идэвхийг өрнүүлж, санаачилгатай оролцуулахад чиглэгдэж байгаа аж.
ҮЭХ-ны “Дурсгалын туг” эхлээд шилдэг Үйлдвэрчний Эвлэлийн Хороогоор шалгарсан Геологи хайгуулын ангид очсон бол удаах аялалаа Үйлчилгээ, аж ахуйн албанд үргэлжлүүлж байна. Дурсгалын туг хүлээн авсан цехүүд тухайн хугацаанд ҮЭ-ийн хорооны ажлаа эрчимжүүлж, гишүүддээ чиглэсэн бүтээлч ажлыг зохион байгуулах ажээ. Мөн “Дурсгалын туг” аялуулахаас гадна бүх гишүүдийнхээ дунд урлаг спортын их наадмыг явуулж, шилдэг авьяастнуудаа улсын хэмжээний уралдаанд оролцуулах юм байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэмжээнд ҮЭ-ийн 31 хороо ажилладаг бөгөөд нийт 8000 гаруй гишүүнтэй юм.

















