Эдүгээ үйлдвэржилтийн эрин дуусаж байна гэж үзэх боллоо. 21-р зуун, оюун ухааны эринд нийгэмд оюуны өндөр чадвартай, сэтгэлгээний их хурдтай, шинэ зүйлийг хүлээн авах чадвартай, бүтээлч байдал өндөртэй хүмүүс нь бусдыгаа засаглана. Үүний үр дүнд “Оюуны үйлдвэрлэлийг дэмжиж Оюунжсан бүтээгдэхүүн бий болгоно” гэсэн үг. Орчин үеийн эдийн засгийн өсөлт хөгжилд Глобалчлал-Инноваци гэсэн 2 хүчин зүйл гол үүрэг гүйцэтгэж байна. Аливаа шинэ санаад сэдэл шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгээр баяжигдан шинэ нээлт, шинэ бүтээл болдог. Нээлт, бүтээлийг шинжлэх ухаан, технологи-техникийн дэвшил гэх мэт амьгүй зүйлс тодорхойлж чадахгүй. Харин хүн тодорхойлно. ХҮНЭЭС төрсөн бүтээлч шинэ санаа, шинэ мэдлэг технологи-техникийн дэвшилд тулгуурлан үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтэрнэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглээний эргэлтэнд орсноор арилжааны нөхцөл бүрдэх бүхий л үйл явцыг Инноваци гэнэ. Дэлхий дээр инновацийн хөгжлийн стратегийг хэд хэдэн чиглэлээр тодорхойлоод байгаа. Үүнээс газрын баялгаа ашиглуулах эрхийг гадны компанид олгохдоо тэдний тэргvvний технологийг өөрийн болгох улмаар инноваци, судалгааны бvхэл бvтэн салбар бий болгохыг нөхцөл болгон тавьснаар өнөөдөр технологи экспортлогч орон болж чадсан Норвеги улсын жишээ манай улсад тохирох магадлал өндөр байна. Үүний тод жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр юм. Энэ жишгээр бүтээмж инновацийг үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болгон хэрэгжүүлж байна. Өмнөд Солонгос, Нидерланд, Сингапур улсад гадаадаас оруулж ирсэн технологийн өөрчлөх, мэдлэгт суурилсан эдийн засгийн загварыг дэмжих, салбарын хөгжлөөр эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж хөгжлөөрөө дэлхий нийтэд тэргүүлж байгаа юм.
Инновацийг амжилттай хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, эрдэмтэдийн мэдлэг чадвар, хөрөнгө мөнгө гэх мэтчилэн олон хүчин зүйл нөлөөлнө. Үүний дотор менежмент зохион байгуулалтын асуудал хамгийн чухлаар тавигдана. “Урт дунд хугацаанд хөгжүүлнэ”, “Инноваци хөгжүүлснээр эдийн засгийн чиг баримжаа” гэх мэт тэс хөндий, тас хөлдүү үгсээр тунхаг хийх нь үндэстний ухамсарт нөлөөлж чадахгүй. Ийм албархаг үгсийг сонсохоос ирээдүй, залуу үе зугтаж байна гэж судлаач Т.Есөн-Эрдэнэ бичжээ. Монгол улсын Үндэсний Инновацийн Тогтолцооны суурь нь томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн Инновацийн Тогтолцоо. Инновацийг хэрэгжүүлэх бодит дэмжлэг нь бодлого эрх зүйн орчин, хүний нөөцийн асуудал юм. “Эрдэнэт” үйлдвэрт инновацийн тогтолцооны суурь бий. Тус үйлдвэр мэргэжлийн лабораториудтай. Судалгааны үр дүнг ашиглан үйлдвэрт туршилт хийх боломжтой. Мөн удирдлагын түвшинд инновацийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч, дэмжин ажилладаг. Хамгийн чухал нь “Эрдэнэт” үйлдвэрийн 36 жил ажиллах хугацаанд шинжлэх ухааны мэдлэг бий болж, үйлдвэрээр овоглосон эрдэмтэн мэргэд, зөвлөх инженерүүд, судалгааны ажилтнууд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжил дэвшилд хүний хүчин зүйлийн нөлөөллийг нэн тэргүүнд авч үзэж чөлөөт сэтгэлгээнд тулгуурлан үйлдвэрийн нөөц ашиглалтыг зүй зохистойгоор сайжруулах, хөдөлмөрийн хуваарь-хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад анхаарч, Оюунжсан үйлдвэрлэл хөгжих таатай орчинг бүрдүүлснээр Монгол улсын Уул уурхайн салбарт Инновацийн хөгжлөөр Тэргүүлэгч-Үйлдвэр болно гэж үзэж байна.
Инновацийн үр дүнд бий болсон нэмүү өртөг, үр ашиг, баялагийн хуваарилалт, дахин хуваарилалтыг зохистой хийх нөхцөлийг бүрдүүлснээр нэмүү өртгөөс цөөн тооны хүмүүс хүртэж олонхийн эрх ашгийг хөндөх байдлаас зайлсхийн тэгш эрх, нийгмийн шударга ёс тогтоно.

“Эрдэнэт” үйлдвэрийн
Бүтээмж инновацийн төвийн
Координатор Д.Энхтунгалаг















