Өнгөрсөн 2016 оны сүүлээр Эрдэнэт үйлдвэр ХХК, Pitram буюу уурхайн удирдлагын хяналтын системийг нэвтрүүлсэн. Энэ нь уурхайн үйл ажиллагааг жигд тасралтгүй явуулахад зориулагдсан хяналтын программ юм. Аливаа шинэ системийг нэвтрүүлж, жигдрүүлэхэд багагүй хугацаа шаардагддаг ч үр дүнд хурдан хүрэхийн тулд компанийн мэргэжилтнүүд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. “Оюутолгой компанийн туршлагаас харахад үүнтэй ижил төстэй системийг хэвийн түвшинд ажиллуулахад 2 жил орчмын хугацааг зарцуулсан байдаг. Харин бид өндөр хүчин чармайлт тавьж, энэ онд үйл ажиллагааг нь бүрэн жигдрүүлж, нутагшуулах зорилт дэвшүүлсэн. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр ХХК ажлын туршлага, аргачлал, технологийн дэвшлээрээ дэлхийн өндөр хөгжилтэй томоохон компаниудтай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ” гэж Геологи маркшейдрийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий геологич А.Ундрахтамир ярив.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Геологи маркшейдрийн хэлтсийнхэн 2017 онд хэрхэн ажиллах зорилго, чиглэлээ тодорхойлсон байна. Өмнөх оны ажлын гүйцэтгэл болон үйл ажиллагаан дээр үндэслэж, техник эдийн засгийн үндэслэл, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2015 он хүртэлх хөгжүүлэх концепцид тусгагдсан чиглэлийн дагуу ажиллах юм байна. Тодруулбал, уурхайн доторх хүдрийг эрдсийн төрлөөр нь ялгах, нөөцийг хэрхэн эдийн засгийн үр өгөөжтэй ашиглах зэрэг олон төлөвлөсөн ажлууд байгаа аж. Мөн ордын хананы тогтвортой байдал, геотехникийн асуудал дээр төвлөрч ажиллахын зэрэгцээ Хаягдлын аж ахуйн далангийн хяналт, мониторингийн ажлын хүрээнд хаягдлын аж ахуйн цаашдын тогтвортой, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр байнгын судалгаа хийх юм. Энэ судалгаан дээр тэд ОХУ-ын томоохон институттай хамтран ажиллаж байна. 2016 онд тус хэлтсийн хамт олон нэлээд ачаалалтай байсан хэдий ч төлөвлөгөөт үзүүлэлтээ бүх төрөл дээр давуулан биелүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техник, эдийн засгийн үндэслэлийн шинэ төслийг “Голден прожект” компанитай хамтран боловсруулсан юм. Шинэ оны өмнө уг төслийг хэлэлцсэн бөгөөд одоо нэмэх болон засах хэд хэдэн заалтуудыг оруулж, дараагийн шатны хэлэлцүүлэгтээ бэлдэж байна. Тиймээс энэ оны 1 дүгээр улиралд багтаан, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулж, дуусгана гэж төлөвлөж байгаа ажээ.















