Эрдэнэт үйлдвэр ХХК жилд нэг удаа их зогсолт хийж, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаатай техник, тоног төхөөрөмжиндөө их засвар хийдэг уламжлалтай. 2017 оны их зогсолтын товыг 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхэн буюу тухайн саруудын зааг дээр хийхээр товложээ. Уг товыг Төвийн Эрчим хүчний систем, Эрчим хүчний яам, Зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагуудтай ярилцсаны үндсэн дээр ажлын ачаалал, хуваарийг харгалзан тогтоосон байна. Эрдэнэт үйлдвэр их зогсолтын бэлтгэл ажлыг 6 сарын өмнөөс хангаж эхэлдэг.
Бэлтгэл ажлын талаар Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбатаас тодруулахад “Бид одоогоор их зогсолтын үеэр хийх ажлуудын жагсаалтыг гаргаж, тэдгээрийг гүйцэтгэхэд шаардагдах материал, сэлбэг хэрэгслүүдийн захиалга, жагсаалтыг бэлэн болгоод байна. Удирдлагуудад ойрын хугацаанд танилцуулж, бараа материалуудын худалдан авалт тодорхой болно. Их зогсолтын үеэр төлөвлөсөн ажлуудыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх нь бүтэн жилийнхээ найдвартай, аюулгүй ажиллах баталгааг бий болгодог. Их засварын ажил үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой чухал цэг, обьект дээр хийгддэг учраас энэ үеийн ажлын чанар, зохион байгуулалт, аюулгүй ажиллагаанд бид онцгой анхаарал тавьж ажилладаг. Энэ жилийн их зогсолтын үеэр хийгдэх ажлуудын төлөвлөгөөнд эрчим хүч, цахилгаан, усны чиглэлийн засвар үйлчилгээнүүд тусгагдсан. Сэлэнгэ мөрнөөс ирж буй гол магистрал шугамууд, тэдгээрийн хаалт, арматурын үзлэг шалгалт, мөн цахилгааны дэд станцуудын ерөнхий шитүүдэд засварын ажлууд хийгдэнэ. Мөн Баяжуулах үйлдвэрийн агуулах, бункеруудыг цэвэрлэх, эргэлтийн усны системийн үйл ажиллагааг хянах ажлууд багтсан байгаа” гэв.















