Химийн төв лабораторийн Технологийн бүтээгдхүүний шинжилгээний өрөөнүүдийн агааржуулалтын системийг Төслийн менежментийн хэлтэс, Засвар монтажийн цехтэй хамтран сайжруулах ажлыг хийж, өнгөрсөн 12-р сард хүлээлгэн өгсөн . Энэхүү ажлын үр дүнд ажлын байрны нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн талаар тус лабораторийн эрхлэгч О.Туяацэцэгээс тодрууллаа.
“Манайх 2016 оны төсөлт ажлын хүрээнд Төслийн менежментийн хэлтэс, Засвар монтажийн цехтэй хамтран 24 цагийн ажиллагаатай шинжилгээний 203, 206, 105,115 тоот өрөөний агааржуулалтын системийг шинэчлэн, богино холболтын схемээр вентсистемийг холбох ажил хийсэн. Энэ ажлын үр дүнд вентсистемийн татах хурд сайжирсан. Ажлын байран дахь химийн бодисын ууршилт тодорхой хэмжээгээр багассан. Гэвч дээжийн задаргааны боловсруулалтын үед химийн бодисын үнэр гарч байгаа. Мөн 1, 2 химийн бодисын ууршилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч байна. Урьд нь энэ үзүүлэлт 1,5-2 дахин их гардаг байсан бол, агааржуулалтын системийн шинэчлэлийн дараа 0,5-1 дахин буурсан үзүүлэлт харагдаж байгаа. Мөн 24 цагийн шинжилгээний 2 зааланд агаарын балансыг тэнцвэржүүлэх зорилгоор тусад нь агаар сэлгэх төхөөрөмж хийсэн. Одоо ч Засвар монтажийн цехийн ажиллагчид агааржуулалтын системийн сайжруулалтын ажил хийж байна. Эдгээрийн үр дүнд ажлын байрны орчин сайжирна, химийн бодисын ууршилт зөвшөөрөгдөх хэмжээнд очно гэж найдаж байна. Манай лаборатори АБК-аас 2007 онд энэ байранд нүүж ирсэн. Түүнээс хойш үйлдвэрийн удирдлагууд вентсистемийг сайжруулах чиглэлд анхаарч тодорхой арга хэмжээ авсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар бүрэн сайжирсан гэж хэлэх боломжгүй байна. Ноднин манай мэргэжилтнүүд, ЗМЦ-ийн ажилтнуудтай Улаанбаатар хот дахь ижил төстэй лабораторит очиж, агааржуулалтын систем хэрхэн ажиллаж байгаа, хийц бүтэц нь ямар байдаг талаар судлаад, энэ ажлыг эхэлсэн” гэв.
Химийн төв лаборатори нь Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор хүдрийн дээж, зэс, молибдений баяжмалд химийн шинжилгээг 24 цагаар хийж, технологийн процесст ордог химийн урвалж, түүхий эдийн чанарт хяналт тавьж ажилладаг төдийгүй, үйлдвэрийн 17 цех хэсгийн захиалгат шинжилгээг хийж гүйцэтгэдэг байна.




















