2017 оны 1-р сарын 6-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулах шинэ Хамтын гэрээний анхны хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийнхэн оролцож, 2017 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээний төслийг хэлэлцэв. 12 бүлэг, 114-116 заалттай шинэ Хамтын гэрээ нь Эрдэнэт үйлдвэр,ҮЭХ-ны хооронд байгуулан хэрэгжүүлэх 10 дахь удаагийн гэрээ юм. “Өмнөх хамтын гэрээнд тусгагдсан зүйл заалтууд дээр ажлын хэсгийнхэн санал солилцож, тодорхой асуудлуудыг нээлттэй ярилцсанаар анхны хэлэлцүүлэг өндөрлөлөө” гэж ҮЭХ-ны ажлын хэсгийн ахлагч Н.Батбаатар онцлов. Шинэ Хамтын гэрээний төслийг хоёр тал зөвшилцөн батлах хүртэл өмнөх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих юм байна.















