“Сэтгүүлчдийн Оюуны Голомт” Төрийн бус байгууллагын ээлжит уран бүтээл болох “Эрдэнэтийн хийморьлог эрчүүд” хөрөг найрууллын ном хэвлэгдэн гарч, шинэ оны босгон дээр нээлтээ хийв. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Д.Дашдондов, сэтгүүлч О.Эрдэнэжаргал, Д.Цэнд-Аюуш, Н.Мөнхтөр, Ц.Ариунаа, А.Наранболд, М.Мөнхцэцэг, Б.Ганчимэг нарын Эрдэнэтийн 18 сэтгүүлчийн бүтээлээс бүрдэж буй энэхүү ном нь Эрдэнэт хотын түүхт 40 жилийн ойд зориулан гаргасан том хэмжээний бүтээл юм.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтанд эхнээс нь гар бие оролцож ирсэн Эрдэнэтээр овоглох эрхтэй төр нийгмийн зүтгэлтэн, шилдэг удирдагч, уурхайчин, уран бүтээлч, инженер техникийн ажилтан, багш, эмч, зохиолч зэрэг төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс, салбар салбарын нэрт төлөөллийг уг номонд багтаасан байна. Мөн Эрдэнэтээс төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатрууд, төрийн соёрхолт, салбар бүрийн гавьяатуудын жагсаалтыг шигтгэж өгснөөрөө амжилт бүтээлээрээ алдар нэрээ дуурсгаж яваа 108 эрчүүдийг алдаршуулжээ.
Номын редакцид сэтгүүлч Сүрэнгийн Сувдаа, Журайн Оюун, Найманжингийн Гантөгс, Мэнджаргалын Балжинням нар ажилласан бөгөөд энэхүү ном нь тэдний хамтран гаргаж буй 4 дэх бүтээл болж байгаа юм байна. “Сэтгүүлчдийн Оюуны Голомт” Төрийн бус байгууллага нь “Эрдэнэтийн лидер бүсгүйчүүд”, Эрдэнэтийн лавлах “Шар ном -1,2,3” боть, “Эрдэнэтийг байгуулсан залуу нас” зэрэг номуудыг эрхлэн гаргажээ.















