Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнөөдөр “Энэрэл” төвд зочилж, тус төвийн хүүхдүүдийн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцлоо. Мөн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, орлогч дарга О.Отгонбаяр, Сэлэнгэ амралтын баазын дарга И.Жаргалсайхан, Энэрэл төвийн захирал Л.Болдсайхан болон багш сурган хүмүүжүүлэгчид оролцож, хүүхдүүдтэй хамтдаа дуулж бүжиглэв. Энэ үеэр тус төвийн авяаслаг хүүхдүүд урлагийн тоглолт, сурч мэдсэнээ толилуулж, бяцхан өвлийн өвөө эрхэм зочид болон тэргүүний сурагчдад бэлэг гардуулсан юм.
Эрдэнэт үйлдвэр ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэргэдээ бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийг байгуулснаас хойш эдүгээ 24 дэх жилдээ тус төв амжилттай ажиллаж, өнөөдрийн байдлаар 40-өөд хүүхэд энд сурч хүмүүжиж байна. Жил бүрийн шинэ жилийн баяраар үйлдвэрийн удирдлагууд тус төвд зочилж, хүүхдүүдэд гарын бэлэг гардуулахын зэрэгцээ тэдний зүгээс гаргасан нэг хүслийг нь биелүүлж өгдөг уламжлалтай болсныг энэ үеэр Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга О.Отгонбаяр онцолсон. Өмнөх жилүүдэд үйлдвэрийн захиргаанаас Энэрэл төвийн хүүхдүүдэд зориулан номын сан байгуулж, компютер бэлэглэж байсан бол энэ жил хүүхдүүдийн хүсэлтээр хувцасны бүх шүүгээг нь шинэчилж өгсөн байна.
Нүүрэндээ инээд хөөр тодруулан дуулж бүжиглэж буй хүүхдүүдийг хараад сэтгэл туйлын өндөр байгаагаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ тэмдэглээд, “Энэрэл төвийн ажилсаг бүтээлч удирдлага хамт олон, багш ажилтнуудын хичээл зүтгэл хүүхдүүдийн царайнаас тод харагдаж байна” гэсэн юм. Тэрээр төвийн хүүхэд багачуудад гарын бэлгээ гардуулж, хичээл сурлагадаа шамдан суралцаж, шинэ онд урлаг спортын улам өндөр амжилт гаргахыг хүслээ. Энэ үеэр Энэрэл төвийн захирал Л.Болдсайхан төвийнхөө үйл ажиллагааг танилцуулж, хүүхдүүдийн хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг сонирхуулсан юм. Энэрэл төвд өсч торниж, сурч хүмүүжиж буй бидний ирээдүй өнгөтэй, хүүхдүүд цовоо байна.















