Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлсэн амжилтаар шинэ оноо угтаж байна. 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,0, хүдэр боловсруулалтын төлөвлөгөөг 101,2 хувиар тус тус биелүүлж, 16128 тонн зэсийн баяжмал, 720 тонн молибдений баяжмал төлөвлөгөөнөөсөө илүү үйлдвэрлэх боломж бүрдсэн юм.
Энэ талаар өнөөдөр болсон тус үйлдвэрийн удирдлагуудын 2016 оны хамгийн сүүлийн өглөөний шуурхай дээр онцоллоо. Энэ үеэр үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ ийнхүү 100-аас дээш хувиар биелүүлэх нөхцөл бүрдэж байгаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон, уурхайчдын хичээнгүй хөдөлмөрийн үр дүн гэдгийг Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Д.Даваасамбуу нар тодотгож, удирдлага зохион байгуулалтын өндөр түвшинд ажилласан нийт удирдлагууддаа баяр хүргэв.
Мөн “Ирж буй 2017 он бидний хувьд өмнөх амжилтаа бататган ажиллахын зэрэгцээ үндэсний үйлдвэрээ Монголчууд дангаараа авч явах өөрөөр хэлбэл, хөгжлийн дараагийн хуудсаа нээх хариуцлагатай бөгөөд их ажлын жил байх болно” гээд удирдлагын багийнхандаа ажлын өндөр амжилт хүслээ.
















