Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын баг бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэр ХХК-д зочилж, тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаагийн баг бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтангэрэл, тус комиссын Гомдол хяналт, шалгалтын хэлтсийн дарга Т.Энхтамир нарын тэргүүтэй 19 аймгийн Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтнүүдээс бүрдсэн байв.
Хүний эрхийн Үндэсний комисс нь манай улсад 2001 онд байгуулагдсан. Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрт заасан хүний эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй хараат бус байгууллага юм. “Манай улсын эдийн засгийн хөгжлийн гол түүчээ болсон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага, хамт олны төлөөлөл та бүхэн Хүний эрхийн Үндэсний комиссын бүрэлдэхүүнийг халуун дотно хүлээн авч буйд тус комиссын дарга Н.Бямбадорж болон нийт ажилтнуудынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед байгаль орчин, агаарын бохирдол, усны хомсдол, нүүдлийн мал аж ахуй, хүний хөдөлмөрлөх эрх, орон нутгийн засаглалын ил тод байдал зэрэг олон асуудалд манай үндэсний комисс судалгаа мониторинг хийж, хяналт тавьж ажилладаг. Энэ чиг үүргийн хүрээнд бид уул уурхайн том компани болох Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байгаа юм” гэж Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтангэрэл ажлын айлчлалын зорилгоо тодотголоо.
Хүний эрхийн Үндэсний комиссын ажилтнууд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас нийгмийн хариуцлага болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар илтгэл болон видео танилцуулга үзэж, үйлдвэрийн цех нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав. Хүний эрхийн үндэсний комиссын баг бүрэлдэхүүнийг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Захиргаа Хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, ХАБЭАБОХХ-ийн дарга Д.Цагаан-Эрдэнэ нар болон цех хэлтсийн удирдлага, ажилтнууд хүлээн авсан юм. 2016 оноос Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швед улсын Байгаль орчны олон улсын тусламжийн байгууллагуудын хамтарсан “Байгаль орчны засаглал ба Хүний эрх” чиглэлээр хэрэгжүүлж байгаа 4 жилийн хөтөлбөрт оролцож, хамтран ажиллаж байгаа ажээ. Тиймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах явцдаа Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрт анхаарал хандуулна гэдгээ тус комиссын багийн ахлагч энэ үеэр онцлов.















