Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн сүлд модны гэрэл асаах ёслолын ажиллагаа Найрамдал талбайд өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэхүү ёслолд Аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженер Д.Даваасамбуу, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев Р.Р. нарын албаны хүмүүс оролцож шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэн, үг хэлж Ерөнхий захиргааны өмнө сүндэрлэх сүлд модны гэрэл асаалаа. Энэ үеэр Madness хамтлаг, Шинэ давалгаа продакшны жүжигчид, дуучин Б.Хонгор нарын уран бүтээлчид ая дуугаа өргөж, бүжив. Мөн энэ үйл ажиллагаанд зориулан Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын мөсөөр урласан “12 жил”-ийн шилдгийг шалгаруулав. Шилдэг мөсөн хийцээр Спорт ордны ажилтан Э.Зоригтхүүгийн урласан “Хулгана жил” тодорлоо. Мөн амтат хоол зуушны үзэсгэлэн худалдаа болов. Энэ үдэш бяцхан хүүхдүүд аав ээжтэйгээ гэрэл цацарсан талбайд өвлийн өвгөн цасан охид, мөсөн “амьтад”-тай зургаа татуулж, өвлийн өвөөгөөс бэлэг гардлаа.















