“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн баруун хойд болон төвийн ордын хамтатгасан Техник эдийн засгийн үндэслэлийн гүйцэтгэлийг танилцуулах техникийн зөвлөлгөөн боллоо. Тус үйлдвэрийн Техник эдийн засгийн үндэслэлийн шинэ төлөвлөгөөг Улаанбаатар хотын “Голден поржект” компани боловсруулсан бөгөөд тус компанийн захирал Г.Ганхуяг Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудад танилцуулсан байна.
Өмнө нь Эрдэнэт үйлдвэр ХХК, хамтарсан үйлдвэр байхдаа техник эдийн засгийн үндэслэлээ ОХУ-тай хамтран боловсруулдаг байсан бол 100 хувь үндэсний аж ахуйн нэгж болсноор Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу өөрсдөө дотоодын үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох нөхцөл бүрдэж байгаа юм. Нөгөө талаар, энэ оны 6-р сарын 28-ны өдөр Эрдэнэтийн овоо ордын нөөцийг шинэчлэн тогтоож, баталгаажуулсанаар Ашигт малтмалын тухай хуулийн дагуу техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх шаардлагатай болсон байна. Уг ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалд зааснаар тус үйлдвэрийн Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн хэлтэс, Геологи маркшейдрийн хэлтэс “Голден поржект” компанитай хамтран гүйцэтгэсэн ажээ. Техникийн зөвлөгөөний үеэр мэргэжилтнүүд харилцан санал бодлоо солилцож, хэд хэдэн санааг шинээр оруулах шаардлагатай байгааг ярилцсан байна.















