Өнгөрсөн амралтын өдрөөр Ган бөмбөлгийн цехийн хамт олон гэр бүлийнхнээ Эрдэнэт үйлдвэрт урьж, үйл ажиллагаатай нь танилцууллаа. Ган бөмбөлөгийн цехийн ар гэрийнхэн тус цех болон Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн байгууллагад зочилсон байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын гэр бүлийг үйлдвэртэй танилцуулах нь тухайн ажилтны ажил мэргэжил болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй болоход тустай гэж албаны хүн онцлов. Эрдэнэт үйлдвэрийн Ган бөмбөлөгийн цех нь 57 ажилтантай бөгөөд жилд 50 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай. 40,100, 80мм-ийн голчтой ган бөөрөнцөг үйлдвэрлэж Баяжуулах үйлдвэрт нийлүүлж байна. Тус цех нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг ханган ажиллахад ихээхэн анхаарч, “Бидний аюулгүй ажиллах шалтгаан-гэр бүл” сарын аяныг зарлажээ. “Бид энэхүү аяны хүрээнд ажилчдынхаа ар гэрийг үйлдвэртэй танилцуулж, аюулгүй ажиллахын ач холбогдлын талаар тэдэнд мэдээлэл өгч, танилцах өдөрлөгийг зохион байгуулж байна” гэж тус цехийн ХАБЭА-н инженер Б.Бат-Эрдэнэ ярилаа. “Бидний аюулгүй ажиллах шалтгаан - гэр бүл” сарын аяны хүрээнд зохион байгуулсан гэр бүлийн өдөрлөгт 30 гаруй хүн хамрагджээ.























