“Эрүүл мэндийг дэмжихэд ажилчин миний үүрэг” уриан дор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Уурхайчин соёлын ордон, Эрдэнэт сувиллын цогцолбороос санаачлан, хамтран зохион байгуулж буй уралдаант өдөрлөгийн нээлт боллоо.
Эрдэнэт үйлдвэрт ажиллагсдад эрүүл амьдралын хэв маягийг таниулах, зөв дадал хэвшилд суралцуулах, ажилтнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, шинээр ажилд орж буй залууст Эрүүл мэндийн хөтөлбөрийн тухай таниулах, мэдлэг эзэмшүүлэхэд тус уралдааны зорилго чиглэгдэж байгаа юм. Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Д.Мөнхболд, Эрдэнэт сувилал цогцолборын ерөнхий эмч Ж.Ганчимэг, Уурхайчин соёлын ордны орлогч дарга Буянжаргал болон албаны хүмүүс оролцлоо. “Эрүүл хүнс” хоолны үзэсгэлэн, “Эрүүл мэндийг дэмжихэд миний оролцоо” сэдэвт илтгэл хэлэлцүүлэг, Эрүүл мэндийн идэвхтэй хөдөлгөөн гэсэн 3 төрлөөр тус үйл ажиллагаа явагдах бөгөөд үйлдвэрлэлийн үндсэн болон туслах 13 цехийн хамт олон эдгээр шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж байна.
“Эрүүл хүнс-2016” уралдаант өдөрлөг 7 хоног үргэлжилж, 3 үе шаттайгаар дүнгээ гаргана. Төрөл тус бүрд шилжин явах цом, дурсгалын зүйл гардуулж, номинаци бүрийн шилдгүүдийг тодруулах ажээ. Эрдэнэт үйлдвэр нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч жишиг үйлдвэрийн хувьд 1996 оноос үйлдвэрийн ажиллагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад нийгмийн хамгааллын чиглэлээр олон талт бодлого, хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн эрүүл ахуйн цогц өдөрлөг ч энэхүү уламжлалт үйл ажиллагааны нэг хэсэг нь болж байгаа юм.

























