Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Механикийн хэлтэс үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, засвар үйлчилгээнд хяналт тавьж, чиглүүлэх үүрэгтэй. Энэ чиг үүргийнхээ хүрээнд тус хэлтсээс өнгөрсөн 10-р сард Эрдэнэт үйлдвэрийн нийт үндсэн тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд судалгаа хийж, техник тоног төхөөрөмжийн насжилт, элэгдэл болон ашиглагдаж буй хугацааг нь нэг бүрчлэн тогтоожээ.
Судалгааны явцад Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орсноос хойш 38 жил болж байгаа учир ерөнхийдөө үйлдвэрлэлд ашиглаж буй техник, тоног төхөөрөмж элэгдэж, ихэнх техникүүд ашиглалтын хугацаа хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Нэн түрүүнд Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Авто тээврийн байгууллагуудын тоног төхөөрөмжинд техникийн шинэчлэл хийх шаардлага өндөрт тавигдаж байгааг үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд онцоллоо. Механикийн хэлтсээс эдгээр цехүүдийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хэрэв шинэ техник худалдан авах эдийн засгийн нөхцөл бүрдээгүй тохиолдолд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд нэн шаардлагатай сэлбэг хэрэгслийг тасралтгүйгээр авч нийлүүлэх бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Тус хэлтсээс баримталж байгаа дээрх бодлогын хүрээнд үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Үйлдвэрлэлийн аль цехэд ямар сэлбэг хэрэгсэл шаардлагатай байгаа болон ямар төрлийн сэлбэг хэрэгслийг нөөцөд авах эсэхийг нарийвчлан гаргасан “Нөөцийн жагсаалт”-ыг холбогдох удирдлагын хэмжээнд хэлэлцэж байгаа юм байна.
Үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд судалгаа хийжээ
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















