“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хамт олны дунд ажиллагсдын бүтээлч санал санаачлагыг идэвхжүүлэх, бүтээмж инновацийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх чиглэлээр олон хэлбэрийн үйл ажиллагаа өрнөж байна. Үүний нэг нь тус цехийн Бүтээмжийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Сайн саналын аян” юм. Энэ оны 9-р сараас 11-р сарыг дуустал тус аяныг зохион байгуулж байгаа бөгөөд уг аяны хугацаанд ажиллагсдын зүгээс гаргах сайн саналын тоо оны эхний хагас жилтэй харьцуулахад 90 хувиар, аяны хөдөлгөөнд оролцогчдын тоо 60 хувиар тус тус өссөн байна. Мөн тус аяны хүрээнд ажилтнуудын ажлын идэвх нэмэгдэж, шинийг эрэлхийлэх, өөрийгөө хөгжүүлэх хандлага дээшлэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарсныг цехийн бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг онцоллоо.
Түүнчлэн тус цехийн хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд “Ногоон бүтээмж”, “6 сигма”, Бэнж маркинг” зэрэг арга барилыг нэвтрүүлэхээр хэд хэдэн төслийн баг ажиллаж байна. Эдгээр төслүүд нь өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, “6 сигма” төсөл нь шүүн хатаах хэсгийн молибдений филтерийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой бол “Ногоон бүтээмж” төслийн багийнхан нөөцийн хэрэглээг бууруулах, цаасны болон усны хэрэглээнд хэрхэн хэмнэлт гарган ажиллах, нунтаглан баяжуулах хэсгийн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Харин “Бэнж маркинг” төслийн баг цехийн инженер техникийн ажилтнуудын манлайлалд судалгаа хийнэ. Уг судалгаан дээр үндэслэн шилдэг манлайлагчдын тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Баяжуулах үйлдвэрт бүтээмжийн шинэ төслүүд хэрэгжиж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















