Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны энэ 7 хоногийн шуурхай зөвлөлгөөн Дулаан цахилгааны төв дээр анх удаа боллоо. Зөвлөлгөөнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженер Д.Даваасамбуу, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, газар, хэлтсийн дарга болон орлогч, цехийн дарга, ерөнхий мэргэжилтнүүд оролцов. Шуурхайн эхэнд үйлдвэрийн удирдах ажилтнууд Дулаан цахилгааны төвийн өргөтгөлийн ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженер Д.Даваасамбуу:”Дулаан цахилгааны төвийн бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж байна. Хүйтний улирлаас өмнө өргөтгөлийн барилгын ажил бүрэн хийгдлээ.Энд 4 турбин генератор тавигдана. Одоо тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэнэ” гэж онцлов. Дараа нь үйлдвэрийн Эрчим зүйн хэлтсийн дарга Ш.Төрбат Дулаан цахилгааны төвд хэрэгжиж буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Төгсгөлд нь захирлууд болон газар, хэлтэс, цех, нэгжийн ажил хариуцсан удирдлагууд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснээр шуурхай зөвлөлгөөн өндөрлөлөө.
Т.БАТЧУЛУУН















