Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн 6-р тээрмийг Украйны НКМЗ маркийн МШЦ-5,5х6,5 тээрмээр сольж, өнгөрсөн баасан гарагт ашиглалтанд орууллаа. Шинэ тээрэм залгах ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажиллагчдын төлөөлөл, Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар тэргүүтэй удирдах ажилтнууд оролцов. Цагт 280-295 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай энэхүү тээрмийг угсарч тохируулах ажлыг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн ажиллагчид гүйцэтгэн хугацаанаас нь 7 хоногийн өмнө ийнхүү хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал, Ерөнхий инженер Д.Даваасамбуу: “ Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн чадварлаг хамт олон тээрэм угсран суурилуулах хариуцлагатай энэ ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, төлөвлөгөөнөөс 7 хоногийн өмнө хүлээлгэн өглөө. Нэг тээрэм 7 хоног илүү ажиллана гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Эрдэнэт үйлдвэр 2016 онд түүхэндээ хамгийн их буюу 30,6 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 10 сарын байдлаар 26 сая тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 444 мянган тонноор давуулаад байна” гэв. Зэсийн ханш дэлхийн зах зээл дээр бага /4900 амдоллар/ байгаа энэ үед Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон нөөц бололцоогоо дайчлан ажиллаж бүтээгдэхүүний өөрийн өртгийг 4004 ам долларт хүргэж бууруулсан байна.





Я.ЭНХТУЯА















