Эрдэнэт үйлдвэрийн Эрчим хүчний цехийн усан хангамжийн хэсэг Эрдэнэт хотоос 63 км-ийн зайд алслагдсан Сэлэнгэ мөрнөөс 14 гүний насосоор ус татдаг. Нийт олзворлосон усны 70 орчим хувийг Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд, 30 хувийг Эрдэнэт хотын хүн ам, аж ахуй нэгж байгууллагын хэрэгцээнд нийлүүлдэг. Эрдэнэт хот жилд 19 сая шоо метр ус хэрэглэдэг.
Эрчим хүчний цехийн хамт олон Эрдэнэт үйлдвэрт өрнөж байгаа хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэн цахилгаан эрчим хүчний хэмнэлт гаргах горимд шилжин ажиллаж байна. Тухайлбал, Ус хангамжийн хэсэгт өргөх насосны станцуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хэмнэлтийн горимд шилжүүлжээ. Өдрийн хэрэглээг багасгаж, хямд өртөгтэй буюу шөнийн ээлжинд цахилгаан эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэн ажиллаж байна.















