Экологийн чиглэлээр судалгааны ажил хийдэг “Нэмэр интернешнл” компанийн 10 гаруй судлаач хүдрийн ил уурхайн овоолгоос шүүрдэг хүчиллэг уусмалын эх үүсвэрийг тогтоох судалгааны ажлын тайланг Эрдэнэт үйлдвэрийн хүсэлтээр 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Олон нийтийн дунд “ногоон ус” гэж яригддаг энэ уусмалыг монголд анх удаа судалж, дүгнэлтийг нь Эрдэнэт үйлдвэр, Эрдмин, Ачит Ихт ХХК-ийн инженер техникийн ажилтнуудад танилцууллаа.
Судалгааны ажлын хүрээнд талбайн газар зүйн мэдээллийн сан байгуулж, талбай дахь хур тунадасны хэмжээ, шүүрэлт, тархалтыг тогтоож, усны агуулга, овоолгын хэмжээ, газар доорх усны динамик өөрчлөлтийг гаргах зэрэг ажлуудыг хийжээ. Тэд судалгааны талбайн байгалийн суурь нөхцөл, газар зүйн мэдээллийн сан, ууршилт, хур тунадас, гадаргын урсац талбай зэргийг нарийвчлан судалсан байна.





















