Эрдэнэт үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсдын 4000 нь “Анаг”, “Хаан хүнс”, “Од дөл” компанийн хийсэн халуун хоолоор үйлчлүүлдэг. “Хаан хүнс” компани нь Эрдэнэт үйлдвэрийн захиргааны 1-р байрны ажиллагсдад халуун хоолоор үйлчилдэг. Өдөрт 1000-1500 ажилтны халуун хоолыг бэлтгэдэг тус хамт олон ажиллагсдад артишокийн ач тусыг тайлбарлаж өглөө. Эмчилгээний хоол хэрэглэдэг болон чихрийн шижинтэй ажиллагсдад артишокийн хэрэглээг нэмэгдүүлж, сарын аяны хүрээнд хэрхэн өөрчлөлт гарахыг тэд судлах юм байна. Артишок нь хүний биеийн эд эрхтэний үйл ажиллагааг сэргээдэг, ихээхэн шим тэжээлтэй олон наст ургамал юм. Хордлого тайлах, элэг, цөс, зүрх, уушиг бөөр, ходоод, тархи, дотоод шүүрлийн үйл ажиллагааг тайвшруулах гэх мэт хүний биед олон төрлийн эерэг нөлөөтэй ургамал гэдэг нь судалгаагаар тогтоогджээ.






















