Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цехийн Рентген шуурхай шинжилгээний лабораторит шинжилгээний чанарыг дээшлүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах зорилгоор техник технологийн шинэчлэл хийж ОХУ-д үйлдвэрлэсэн АР-31-М анализаторыг 11-р сараас суурилуулж байна. 1993 оноос ОХУ-ын АР-31 маркийн 2 анализаторыг үйлдвэрлэлд ашиглаж эхэлсэн бөгөөд эдгээрийг орчин үеийн шинэчлэн сайжруулсан тоног төхөөрөмжөөр сольж байгаа аж. “Шинэ анализаторын өндөр хүчдэлийн генераторын хэсэг нь электрон тоон хэлбэрт шилжсэн, мөн контроллер дээр суурилсан удирдлагатай, овор хэмжээний хувьд багассан, техникийн болон арга зүйн тохируулга хийх програм хангамжийн хувьд шинэчлэгдсэн зэрэг давуу талтай. Тоног төхөөрөмж суурилуулах ажлыг АР-31-М анализаторыг үйлдвэрлэсэн ОХУ-ын Санкт-петербург хотын Буревестник компанийн мэргэжилтнүүд манай хамт олонтой хамтран гүйцэтгэж байна. Бид анализаторыг суурилуулах, угсрах, тохируулах ажлыг энэ сарын сүүлээр дуусгаж үйлдвэрлэлд ашиглахаар шамдан ажиллаж байна” гэж Шуурхай шинжилгээ лабораторийн эрхлэгч Ш.Отгонбаатар ярилаа. Үйлдвэрийн технологийн процесст хяналт тавихад баяжуулалтын бүтээгдэхүүнүүдийн металлын агуулгыг богино хугацаанд шуурхай, өндөр нарийвчлалтай тодорхойлох шаардлага тавигддаг. Энэ шаардлагыг хангахын тулд Рентген шуурхай шинжилгээний лаборатори нь шингэн, урсгал дахь ба хуурай шинжилгээний анализаторуудыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж.
















