Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багаас санаачлан олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн мэдлэг, оюун ухаанд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тус үйлдвэрт ажиллаж байгаа 6000 гаруй ажиллагсдын үр хүүхдүүд өнөөдрийн байдлаар 7000-д хүрээд байна. Тэдгээр хүүхдүүдээс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангиа онц дүнтэй төгсөж байгаа шилдэг 36 сурагчдыг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу өнөөдөр “Оюу” танхимд хүлээн авч “Бидний хүсэл мөрөөдөл” сэдвийн хүрээнд уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтанд хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд аав ээжийнх нь ажиллаж байгаа “Эрдэнэт” үйлдвэр хэмээх их бүтээн байгуулалтын үүсэн байгуулагдсанаас хойшхи түүхэн замнал, үйлдвэрийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу шилдэг төгсөгчдөд сурлагын амжилт хүсэн, мэргэжил сонголтоо зөв хийхийг зөвлөж, “Шилдэг сурагч” өргөмжлөл, дурсгалын зүйл, шилдэг борлуулалттай “Хувь хүний хөгжил” номын дээжсийг гардуулан өглөө.























