Жил бүрийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Энэрэл төвийн хүүхдүүдийг баярлуулдаг. Энэрэл төвд өнөөдрийн байдлаар 36 хүүхэд харьяалагддаг. Ерөнхий захирлын санаачлагаар 2014 оноос эхлэн тус төвийн хүүхэд бүрийн нэрийн дансанд жил бүр 200 мянган төгрөг байршуулдаг болсон нь хүүхдүүд төвөөс гарч амьдралын замд ороход нь зориулсан хөрөнгө оруулалт болж байгааг онцоллоо. Жил бүр тус төвийн хүүхдүүдийг онцлог байдалтайгаар баярлуулдаг. Энэ жилийн тухайд үйлдвэрийн удирдлагууд Москва петушки ресторанд тус төвийн хүүхдүүдийг хүлээн авч, хүүхдийн баярыг нь хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярын үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Б.Алтанхуяг, Худалдааны асуудал эрхэлсэн орлогч Б.Болдбаатар, Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу, Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Р.Цэрэндорж нарын цех хэлтсийн дарга нар хүрэлцэн ирсэн юм. Энэрэл төвийн хүүхдүүд энэ хичээлийн жилд сурлага, урлаг спортоор гаргасан амжилтаа үйлдвэрийн удирдлагуудад танилцуулж, авьяаслаг хүүхдүүд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж байлаа.















