Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан цехийн хамт олон компанийн хэмжээнд өндөр хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажилладаг. Төлөвлөгөөний дагуу цахилгааны дэд станцуудыг засварлах, шалган тохируулах ажил хийгдэж байна. Тус хамт олон энэ 7 хоногт төлөвлөгөөт засвар үйлчилгээний дагуу “Сэлэнгэ” амралтын бааз, Эрчим хүчний цехийн 2-р подьёом дээр ажиллаж байна. Цахилгаан цехийн үйлдвэр техникийн товчооноос ЭП-3 дэд станцад байгаа бүх тосон таслуурыг вакум таслуураар солих ажлыг амжилттай хийжээ. Баяжуулах фабрикийн томоохон тээрмүүдийн зогсолтоос хамааран цахилгааны реле хамгаалалтыг сольж шинэчлэх ажлууд мөн хийгдэж байна.
Энэ жил бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Засвар механикийн заводын цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэг Цахилгаан цехийн харьяалалд ирсэн. Тус хэсэг нь үйлдвэрийн хэмжээнд хэрэглэхгүй байгаа хөдөлгүүрүүдийг төвлөрүүлэн, засварын ажлыг нэгдсэн байдлаар эхлүүлжээ.



















