Баяжуулах фабрик, ЗМЗ хамтран Бутлан тээвэрлэх хэсгийн КМД-3000Т2 бутлуурын эх биеийг сэргээн засварлах төсөлт ажил хийж байна. Уг бутлуурын эх бие 30 гаруй тонн жинтэй. Энэхүү төслөөр манай улсын хэмжээнд хамгийн том эд ангийг анх удаа өөрсдөө сэргээн засварлаж буй аж. Уг эд ангийг суурин дээр нь засварлаж байгаа бөгөөд ирэх сарын эхээр хүлээлгэн өгөх зорилт тавин ажиллаж байна. Урьд нь ОХУ-аас мэргэжилтэн урьж энэ ажлыг гүйцэтгүүлдэг байсан бөгөөд, ажлын өртөг 500 мянган ам доллар байж. Энэхүү зардлыг 2-3 дахин бууруулах боломжтой гэж Засвар механикийн заводын мэргэжилтнүүд үзэж байна. Тус заводын инженерүүдийн 2-3 жилийн технологийн үйл ажиллагааны судалгааны үр дүнд ийнхүү энэ ажлыг эхлүүлжээ. Бутлуурын эх биеийг шинэ технологи нэвтрүүлэн сэргээн засварлаж байгаа аж. Эрдэнэт үйлдвэрт хэрэглэж буй тоног төхөөрөмжийг сэргээн засварлах, гадаадаас өндөр үнээр авдаг сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх ажил Засвар механикийн заводад ийнхүү эрчимтэй өрнөж байна.
















