Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн санаачлага, хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотноо сүндэрлэн боссон оношилгоо, эмчилгээний Мепипас эмнэлэг нээлтээ хийлээ. Эрдэнэтчүүд төдийгүй Монгол улсын өнцөг булан бүрээс ирж, өвчнөө эрт үед нь илрүүлэн, оношлуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт техник технологиор дамжуулан хүртэх боломжтой тус эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрээс ард түмэндээ бэлэг болгон өгч байна. Тиймээс ч эмнэлгийн нээлтийн ажиллагаа “Эрдэнэт үйлдвэрийн ард түмэндээ барьж буй бэлэг” нэртэй байсан юм.
Эрдэнэт-Медипас оношилгоо-эмчилгээний төвийн нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон төр засгийн байгууллагын төлөөлөгчид, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимузи, Япон улсын Медипас нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Суяама Ясуо,Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй тус үйлдвэрийн удирдлагууд, Орхон, Булган аймгийн ИТХ, Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын төлөөллүүд оролцов. Нээлтийн ажиллагааны эхэнд Эрдэнэт хотын төвд орших Амарын талбайд Монгол, Япон улсын төрийн далбааг мандуулах туг өргөх ёслол болж, Орхон аймгийн засаг дарга С.Дангаасүрэн нээж хэлсэн үгэндээ: “Орон нутагт олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн төв эмнэлэг нээгдэж , энэ бүтээн байгуулалтыг Монгол,Япон улс хамтран бүтээж байгаа нь манай 2 орны хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ бөгөөд бахдам сайхан үйл явдал болж байна” хэмээн тэмдэглэлээ. Медипас эмнэлгийн нээлтийн ажиллагааны үеэр зочид төлөөлөгчид тус эмнэлгийн тасаг нэгжүүдтэй танилцаж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээсэн. Мөн тус эмнэлгийн удирдлагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө.
Оношилгоо эмчилгээний Медипас эмнэлэг нь Монголын ард түмэнд Япон улсын эмнэлгийн менежмент, технологи, дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2016 оны 1-р сараас ажиллаж эхэлжээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч корпорациуд болох Hitachi, Sysmex, Fujinon зэрэг фирмүүдийн хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай оношилгоо шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд өдөрт 500 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Цаашид Медипас эмнэлэг 180-200 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, резидентийн сургалт, эрдэм шинжилгээний төв, ахмадын асрамжийн газар зэргийг барьж, байгуулах зорилт тавьж байна. Ийнхүү Монголчууд бид эрүүл мэндээ оношлуулж, эмчлүүлэхийн тулд өндөр зардлаар хилийн чанадыг биш Эрдэнэтийг зорин ирэх цаг хэдийн иржээ.





















