Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд хоёр жил тутамд Хамтын гэрээ байгуулан ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг. Хамтын гэрээний 2014 оны биелэлтийг ажилчдын төлөөллөөр хэлэлцүүлэх саналыг ҮЭХ-оос үйлдвэрийн удирдлагуудад тавьж, үүний хүрээнд хамтын гэрээний биелэлтийг хэлэлцүүлэх сарын аян “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд явагдаж байгаа юм. Өнөөдөр тус хэлэлцүүлэг Эрчим хүчний цех, Цахилгаан цехэд явагдлаа. Хүний нөөцийн хэлтсийн орлогч дарга Р.Цэрэндорж, ХАБЭА-н хэлтсийн ХАБ-ын албаны дарга Б.Баттайван, Эдийн засаг маркетингийн хэлтсийн Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлс, урамшууллын товчооны дарга Б.Зоригтбаатар, ҮЭХ-ны дарга Н.Батбаатар болон бусад албаны хүмүүс хэлэлцүүлэгт оролцож, ажилчдын асуултад хариулт өгсөн. Ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас хугацаандаа нийлүүлэгддэггүй, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой цалин хөлс нэмэгдүүлэх талаар болон үндэсний ажил мэргэжлийн лавлахад зарим мэргэжил бичигдээгүйгээс тэтгэвэрт гарахад ажилчин хохирч байгаа зэрэг олон асуудал тавьлаа.
“Эрдэнэт” үйлдвэр Эдийн засаг маркетингийн хэлтсээс үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт гэсэн гурван үзүүлэлтийг харгалзан цалин нэмдэг. Дэлхийн зах зээлд зэсийн ханш 2011 онд 8800 ам.доллар, 2012 онд 7800, 2013 онд 7300, 2014 онд 6700 ам.доллар болж буурч байна. Ажлын үр дүнг урамшуулах сан үндсэн цалингийн сангийн 5 хувийг эзэлдэг бөгөөд цаашид өсгөх бодлого барьж ажиллаж байна.
Албан ёсны судалгаагаар “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд 2017 оныг хүртэл 720 орчим хүн тэтгэвэрт гарна. Ажил мэргэжлийн үндэсний лавлах, тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох ажил мэргэжлийн жагсаалтад үйлдвэрийн зарим ажил мэргэжлийн нэр байхгүйгээс ажилчид тэтгэвэр тогтоолгоход хохирох асуудал бий. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Хүний нөөцийн хэлтэс өнгөрсөн жил ажлын хэсэг байгуулан 160 гаруй мэргэжил байгааг тодруулж, Хөдөлмөрийн яаманд мэргэжлийн нэршил дүйцүүлэх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалд нэмж оруулах талаар албан ёсны санал хүргүүлсэн. Тус яамны ажлын хэсгийн ажил урагшгүй байгаагаас энэ асуудал шийдвэрлэгдэж чадахгүй байгаа юм. Гэвч Хүний нөөцийн хэлтэс өөрийн мэргэжилтнээ Хөдөлмөрийн яамны ажлын хэсэгт оруулан ажиллуулж байгаа талаар ажилчдад мэдээллээ. Хамтын гэрээний биелэлтийг ажилчдын төлөөллөөр хэлэлцүүлэх сарын аян энэ сарын 12-ны өдрийг хүртэл хуваарийн дагуу цех, хэсгүүдийн ажлын байранд явагдана. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 12 дугаар сарын 19-нд хэлэлцүүлгийг дүгнэж, нийт ажиллагсдад ил тод мэдээлэх юм.
Сэтгүүлч У.Цэрэнбат
Фото: Б.Баттөгс















