Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 1000 инженерийн нэгдсэн зөвлөлгөөн, Инноватор цом гардуулах ёслол 2016 оны 5-о сарын 5-нд Хангарьд паласт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Шинжлэх ухааны академи, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, БСШЯ, Мэдээлэл технологийн үндэсний паркийн төлөөлөл, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд оролцлоо. Зөвлөлгөөний эхэнд Ерөнхий захирал Ц.Даваацэрэн баялаг бүтээж, Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй инженерүүддээ баяр хүргэж үг хэлэв. Энэ үеэр бүтээмж, инновацийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулан, эздийг нь шагнаж урамшуулав. Инноватор цомын эзнээр Баяжуулах фабрик, Засвар механикийн заводын инженерүүдийн хамтарсан Ж.Ганзориг ахлагчтай баг тодорч, Ерөнхий захирлын нэрэмжит цом, батламж, 100 сая төгрөг гардлаа. Тэд Грат-1400 насосны ажлын эд ангийн хийц болон удирдлагын системийг шинжлэх ухаан технологийн шийдэлд тулгуурлан өөрчилснөөр, насосны ашиглалтын хугацааг нэмэгдүүлж, засварын зардлыг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Шинжлэх ухаан-үйлдвэрлэлд сэдэвт энэхүү зөвлөлгөөний үеэр мэдлэгийг баялаг болгох их үйлсэд үйлдвэрийн хамт олноо чиглүүлэн удирдсан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд Шинжлэх ухааны акедемийн дээд шагнал Хубилай хааны нэрэмжит Алтан медаль олгосныг ШУА-ийн дэд Ерөнхийлөгч Д.Дорж гардуулан өглөө. Мөн Оюуны өмчийн газраас “Оюуны өмчийн цогц бодлоготой анхны хамт олон” батламж олгов. Бүтээмж чанарын дугуйлангуудын төслийн уралдаанд түрүүлсэн Баяжуулах фабрикийн Г.Энхтайван ахлагчтай Цахим өргүүр, Г.Түвшин ахлагчтай Энергомастер Бүтээмж чанарын дугуйлангийн хамт олон түрүүлж, Япон улсад тэргүүн туршлага судлах, АТБ-ын Болорсайхан ахлагчтай “Бөөрөлзгөнө” дугуйлан дэд байр эзэлж БНХАУ-д тэргүүн туршлага судлах, ХМТАЦ-ийн Алтансувд ахлагчтай дугуйлан гутгаар байр эзэлж, Улаанбаатар хотод тэргүүн туршлага судлах эрхийн бичгээр шагнагдлаа. Түүнчлэн бүтээмж, инновацийн шилдгүүдийг олон номинациар шалгаруулан шагнав.Мөн энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн логоны зохиогч Д.Адъяа болон Эрдэнэт үйлдвэрийн сүлд “Уурхайчин би” дууны уран бүтээлчдэд зохиогчийн эрхийн гэрчилгээ гардуулав. Ийнхүү Эрдэнэт үйлдвэр бүтээмж, инноваци нэвтрүүлэн, үйлдвэрийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй инженерүүдийнхээ оюуны бүтээлийг үнэлж, тэдэнд хийж бүтээх, шинийг санаачлах урам зориг өглөө.















