Монголын Эдийн засгийн чуулган энэ оны 3-р сарын 30-31-нд Төрийн ордонд боллоо. Энэхүү 6 дахь удаагийн чуулга уулзалтыг “Сургамж, сорилт, шийдэл” сэдвийн дор зохион байгуулав. Монголын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаан “Дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв”, “Монголын эдийн засгийн хэтийн төлөв” сэдвүүдийг онцолж, саналаа солилцсон. Нэгдсэн хуралдааны дараа Хөгжлийн төлөө түншлэл- 25 жил, Уул уурхайн салбарын алсын хараа, Цомхон чадварлаг төр, Хууль эрх зүйт тогтвортой төр, Монгол мөрөөдөл зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болов. Чуулганы үеэр гадаадын хөрөнгө оруулагчид болон баялаг бүтээгчдийн тухай, хөрөнгө оруулагчдыг дайжихад хүргэж байгаа шалтгаан, төсөв, санхүү, эдийн засгийн төлөв байдал хүндэрч болзошгүй тухай сэдвийг хөндлөө. Монголын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу “Инноваци-бизнесийн боломж” сэдвээр илтгэл тавьсан юм.