Саяхан Улаанбаатар хотноо болсон “Монголын геологи хайгуул-2016” чуулга уулзалтанд манай үйлдвэрийн 15 геологич оролцжээ. Уг чуулганд Эрдэнэт үйлдвэр алтан ивээн тэтгэгчээр оролцсон байна. Хаана ямар орд илрэлд нарийвчилсан хайгуул хийсэн, ямар эрдэслэг бүрэлдэхүүн болоод чулуулагт судалгаа хийж, нас найрлагыг тогтоосон тухай 48 геологич илтгэл тавьсны дотор Эрдэнэтийн овоо ордын нөөц тогтоосон тухай Геологи маркшейдрийн хэлтсийн Геологийн албаны геологич О.Цэдэндамба илтгэсэн юм. Энэ үеэр Геологи хайгуулын ангийн Геофизик өрмийн ажлыг харуулсан ханын самбар гарган, өрөмдлөгийн болон геологийн чиглэлээр гаднын байгууллагад ажил үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо ч танилцуулжээ. Мөн хүдрийн дээжийн цуглуулга, хээрийн ажилд яваа геологичдын гэрэл зургаар үзэсгэлэн дэлгэж, дүгнэсэн. Илтгэл, дээжийн болон гэрэл зургийн уралдааныг ГХА-ийн дарга, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүлэх гишүүн М.Дамдинсүрэн, ШУА-ийн академич, ШУТИС, МУИС-ийн багш нарын хамт шүүн тунгаажээ. Уг чуулга уулзалт Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос жил бүр зохиогдож байгаа аж.