Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад ажилдаа ирж буцахдаа дунджаар 2 цаг орчмын хугацаа зарцуулдаг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл ажиллагсад өдөрт 8 цаг ажиллахад сард 22 удаа буюу 44 цагийг ажилдаа ирж буцахад зарцуулж байна. Хэрвээ 12 цагийн хуваариар ажиллавал сард 15 удаа буюу 30 цагийг ажилдаа ирж буцахад зарцуулна гэж тооцжээ. Дээрх цагийн 14 цаг болж байгаа юм. Ажилчид жилдээ 168 цагийг зөвхөн автобусанд өнгөрүүлдэг гэж үзэхэд энэ цагийн зохицуулалтыг өөрчилбөл ажиллагсдын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, цаашлаад үйлдвэрийн эдийн засагт хэмнэлттэй болно гэж үзээд, Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг маркетингийн хэлтсийнхэн үйлдвэрийн удирдлагуудтай энэ асуудлаар санал солилцсон байна. Тэд хөдөлмөр зохион байгуулалт, хүний эрүүл мэндэд 12 цагаар ажиллахад ямар ч сөрөг нөлөөгүй гэж үзэж байгаа юм. Уг асуудлаар гадны ижил төстэй үйлдвэртэй харьцуулан судлахад: Өмнөд америк, австралийн томоохон уул уурхайн компаниуд төдийгүй өнөөдөр монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг уул уурхайн ихэнх компаний ажлын цагийн ээлж 12 цаг байдаг гэнэ. Юутай ч холбогдох хэлтэс цех нэгж болон үйлдвэрийн удирдлагууд энэ талаар цаашид судлан санал авч дахин хэлэлцэхээр боллоо.