Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн цех нэгжүүдийн дунд зарласан “Түүхээ бичье” уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр Уурхайчин соёлын ордонд боллоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, Худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар, Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа болон үйлдвэрийн ажилтан ажиллагчид “ТҮҮХЭЭ БИЧЬЕ” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Тус уралдаанд Эрдэнэт үйлдвэрийн 20 гаруй цех нэгж материал ирүүлж, олон сайхан түүхийн баримтыг эх сурвалжтай нь хадгалж үлдэх боломж бүрдлээ. Үйлдвэрлэлийн цехүүдээс ХМТАЦ бүтээлээрээ тэргүүлж, Төмөр зам, Баяжуулах фабрикийн цехүүд удааллаа. Нийгмийн цехүүдээс Спорт ордны хамт олны гаргасан бүтээл эхний байранд орсон бол Технологийн сургуулийн хамт олны бүтээл дэд байрт шалгарсан байна. Хэлтэс албадаас Хуулийн хэлтсийн хамт олон тэргүүлж, Тамгын хэлтэс, 19-р орос сургуулийн бүтээлүүд удаах байруудыг эзэлж батламж мөнгөн шагнал гардлаа. Энэхүү ёслолын үйл ажиллагааны үеэр Тамгын хэлтэс, ХМОНХА-ны хамтран бүтээсэн “Эрдэнэт үйлдвэр миний бахархал” видео киног үйлдвэрийн бүтээлч хамт олонд толилууллаа. Эх орны их бүтээн байгуулалтанд оролцож, Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавьж, туурга ханыг нь босголцохоор Эрдэнэтийг зорин ирсэн хүн бүхэн өөр өөрийн намтар түүхтэй. Үйлдвэрийн түүх гэдэг бол энд ажиллаж амьдарч байсан хувь хүмүүсийн түүх юм. Эрдэнэт үйлдвэр маань дөчин нас шүргэж буй энэ цагт илгээлт өвөртлөн ирсэн идэр залуус өдгөө гавьяаныхаа амралтанд сууж, тэдний үр хүүхэд хойч үе нь удам залган ажиллах болсон энэ л үед “Түүхээ бичье” уралдааныг зарлаж байгаа нь үнэхээр цагаа олсон тун оновчтой ажил болжээ.
Г.АЛТАНЦЭЦЭГ















