Орхон аймагт “Евро эко” хорооллын 9 давхар 63 айлын орон сууцны шав тавих ёслол 2013 онд болсон билээ. “Евро эко” 7а хорооллыг Барилга, Хот байгуулалтын яам, “Эрдэнэт үйлдвэр” ХХК , Аймгийн ЗДТГ-ын хамтын гэрээний дагуу Бүгд Найрамдах Чех улсын “Финип” группын 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Их хаадын цуваа” ХХК бүтээн байгуулж ашиглалтанд орууллаа. Тэд 2013-2020 онд 9-12 давхар 3500 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй. Одогоор 180 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөөд байна.
Шинэ орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд Бүгд найрамдах Чех улсын элчин сайдын яамны ажилтнууд, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С. Сувдаа, Эрдэнэт хотын захирагчийн албаны ажилтан Батцэнгэл, “Их хаадын цуваа” компанийн удирдах зөвлөлийн дарга Сүхбаатар, БНЧех улсын “Финип” компанийн захирал Павул Реширт нарын албаны хүмүүс оролцлоо. Шинэ орон сууцны дийлэнхийг үйлдвэрийн ажиллагсад худалдан авчээ. Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч байгаагийн нэг илэрхийлэл нь энэ байв.
Эрдэнэт үйлдвэр эхний ээлжинд 450 айлын орон сууцны захиалга өгсөн байна. Үйлдвэрийн 6000 гаруй ажилтны 2800 нь орон сууцгүй гэсэн судалгаа байдаг. Иймд уг хорооллын 70 хувь баригдсан тохиолдолд 450 айлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгох юм.
Г.Алтанцэцэг















