Засвар механикийн заводад тээрмийн хуяг бэхлэх хамгийн урт буюу 830, 750 мм-ийн боолт 48М-ыг шинэ технологиор үйлдвэрлэдэг боллоо. Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн дарга Б.Баянжаргалын санаачилгаар боолт-ны ган хэв шинээр хийснээр ГКМ буюу хэвтээ чиглэлд давтдаг суурь машин ашиглан дээрх боолтыг анх удаа хийжээ. Урьд нь цул төмрөөс токарийн машинаар бүтэн зорж, шураг татаад дууссаны дараа халуун төмөр дээр боолтны зөвхөн толгой хэсгийг халааж давтдаг байсан бол одоо бэлэн бэлдцийг эзлэхүүнээр нь халаагаад толгойн хэсгийг нь хэлбэрт оруулан гаргаж байгаа аж. Энэ технологиор боолт үйлдвэрлэс-нээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, механик боловсруулалт багасан, материал нилээд хэмжээгээр хэмнэж, хөдөлмөр зарцуулалт багасах юм. Нөгөөтэйгүүр бэлдцээ эзлэхүүнээр нь халаадаг учраас металлын дотоод бүтэц жигд болж боолт хугарах нь багасаж, бүтээгдэхүүний чанар сайжрах аж. Засвар механикийн завод давхардсан тоогоор жилд 30-40 төрлийн, 10-12 мянган боолт үйлдвэрлэдэг. Баяжуулах фабрикт тээрмийн хуяг бэхлэх боолт М20, М30, М42, М48, М56-г ашигладгаас хамгийн өргөн хэрэгдэгддэг нь М42, М48 юм. ӨНХ-ийн тээрмийн хуягийг 515 боолтоор бэхэлдэг байна. ГКМ суурь машин 2004 онд ашиглалтанд орсон бөгөөд тус хамт олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдлийг нэмэгдүүлж, 2 төрлийн боолт давтдаг байсан бол одоо 3-ыг хийх болжээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрт өрнөж буй бүтээмж инновацийн хөдөлгөөний үр дүнд үйлдвэрлэлд үр ашиг өгөх олон зүйлийг ажиллагчид санаачлан хэрэгжүүлж байна.
Я.ЭНХ















